Дэд сайд С.Мөнгөнчимэг ОУ-ын хүүхдийн байгууллагын дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг өнөөдөр Олон улсын хүүхдийн төлөө байгууллага "HOLT INTERNATIOANL"-ын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад "HOLT INTERNATIOANL" олон улсын хүүхдийн төлөө төв байгууллагын дэд ерөнхийлөгч Карил Гарсиа, Азийн хөтөлбөр хариуцсан дэд ерөнхийлөгч Давид Лим, Монгол дах төлөөлөгчийн газрын захирал Тунгалаг  нар оролцож харилцан санал солилцсон юм.

Уулзалтын үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг хүүхдийн төлөө сайн үйлс бүтээж явдаг олон улсын байгууллагын төлөөллүүдийг хүлээн авч уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд цаашдын хамтын ажиллагааны талаарх зарим асуудлуудыг харилцан ярилцахаар энэхүү уулзалтыг хийж байна гэв.

Мөн тэрбээр гэр бүлийн тухай хуулийг манай яамнаас санаачилж боловсруулсан. Танай байгууллага бидэнд хүүхэд үрчлэлийн асуудлаар болон хүүхэд хамгааллын чиглэлээрх санал бодлоо тусгуулж, олон улсын туршлагаасаа хуваалцаарай. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зүгээс танай байгууллагатай хамтарч ажиллаж байгаа төсөл хөтөлбөрүүдээ улам өргөжүүлэх хамтарч ажиллах саналтай байна гэсэн юм.

"HOLT INTERNATIONAL"-ын төв байгууллагынх нь дэд ерөнхийлөгч Карил Гарсиа биднийг халуун дотноор хүлээн авсан танд болон танай хамт олонд талархал илэрхийлье. Өнгөрсөн хугацаанд манай хоёр байгууллага хамтдаа хүүхдүүдийн сайн сайхны төлөө олон зүйл хийж бүтээжээ. Таны тавьсан саналуудыг хүлээн авахад боломжтой хоёр талын албаны хүмүүсийг энэ асуудалд анхаарал хандуулахыг хүсье гэлээ. Мөн цаашид "HOLT INTERNATIONAL" олон улсын байгууллага Монгол Улстай нягт хамтарч ажиллах болно гэлээ.

Дээш