ЦАЛИН НЭМЭХ АСУУДЛААР НЭМЭЛТ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХЭЭР ТОГТЛОО
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны ээлжит хурал өнөөдөр /2018-04-04/ боллоо. Засгийн газар, ажил олгогч, үйлдвэрчний байгууллагаас ижил тоотой төлөөлөл ордог үндэсний хороог Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг ахалдаг бөгөөд энэ удаагийн хурлаар хөдөлмөрийн хортой, хүнд нөхцөлд ажиллаж байгаа даатгуулагчийг эрт тэтгэвэр тогтоолгох эрх зүйн зохицуулалт, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, төрийн албан хаагчийн цалин хөлсийг нэмэгдүүлэх зэрэг хэд хэдэн асуудал хэлэлцэв. Мөн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын нэмэлт хэлэлцээрийн зарим заалтын хэрэгжилтийг хангуулах болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох асуудлаар талууд харилцан тохиролцож мэдээлэл солилцлоо. Хурлаар хэлэлцсэн асуудлуудаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван тал өөр өөрийн байр сууриа илэрхийлж, шийдвэрлэх боломж бололцооны талаар ярилцаж тодорхой шийдвэрүүд гаргалаа.
Тухайлбал, Хөдөлмөрийн хортой, хүнд нөхцөлийн тэтгэврийн харилцааг иргэд, даатгуулагчдад ойлгомжтой, хэрэгжүүлэхэд хялбар болгох зорилгоор Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганд өргөн барих нь зүйтэй гэж үзсэн. Мөн Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн гуравдугаар сарын 26-нд УИХ-д өргөн барьсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн талууд болох Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо дэмжихээ илэрхийлсэн бөгөөд зарчмын зөрүүтэй саналын талаар дахин ажлын хэсэг байгуулж, нэгдсэн зөвшилцөлд хүрэхээр тогтов. Цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар улсын нэмэлт хэлэлцээг 2018 оны хоёрдугаар улиралд багтаан хийхээр нэгдсэн байр суурьт хүрч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох асуудлыг Цалин хөлсний дэд хороогоор хэлэлцэж, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороонд танилцуулахыг ажил хариуцсан хүмүүст даалгалаа.