“Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аян-2018”
Жил бүрийн 4-р сарын 28-ныг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгох шийдвэрийг 2003 онд Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан билээ. Тус байгууллагаас 2018 оны энэ өдрийг “Эрүүл аюулгүй залуу үеийн төлөө” гэсэн уриатайгаар “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр”-ийг хамтатган залуу ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, хүүхдийн хөдөлмөрийн бүх хэлбэрийг устгах чиглэлээр олон арга хэмжэээ төлөвлөн ажиллаж байгаа юм.
Дэлхийн ажиллах хүчний 15 хувь нь 15-24 насны залуучууд байгаа нь 25-аас дээш насны ажиллах хүчинтэй харьцуулахад үйлдвэрлэлийн осолд өртөх эрсдэл нь 40 хувиар илүү байна. Иймд залуу ажилтнуудын ХАБЭА-н асуудалд онцгой анхаарч, ажлын байрны аюул эрсдэлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж, стандарт, шаардлага хангасан, эрүүл, аюулгүй ажлын байранд ажиллах эрхээ эдэлж, өөрийгөө болон бусдыг аюул, ослоос урьдчилан сэргийлэх соёл, хандлагыг төлөвшүүлэх ажлыг зохион байгуулах нь чухал байна.
Манай улс 2012 оноос эхлэн “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр”-ийг угтан “ХАБЭА-н сарын аян” өрнүүлж, жил бүрийн 4-р сард Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандарт, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд шинэлэг арга хэлбэрээр зохион байгуулах, идэвхжүүлэх, аюул ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, дадлага, чадварыг иргэддээ олгох зорилт тавьж, 7 дахь жилдээ сарын аяныг улсын хэмжээнд өрнүүлж байна.
Сарын аяны хүрээнд ХАБЭА-н Үндэсний тав дахь хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллахын зэрэгцээ үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний шалтгаан нөхцөлд дүгнэлт хийх, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, ХАБЭА-н талаарх ажиллагсдын ойлголт, мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх, ажил олгогч, ажилтнуудын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлмөрийн хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эрүүл, аюулгүй ажлын байрыг бий болгох чиглэлээр төрийн болон ТББ, ажилтан, ажил олгогчийн төлөөллийн байгууллагуудыг оролцуулсан олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөөд байна.