“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн нээлт боллоо
Дэлхийн банкнаас Монгол Улсад хэрэгжүүлэх “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн нээлт өнөөдөр “Холлидэй инн” зочид буудлын хурлын танхимд боллоо. Нээлтийн ёслолд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон болон төслийг хэрэгжүүлэх нэгж, олон улсын байгууллага, нийгмийн түншлэгч талуудын төлөөлөл, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн газар, хэлтсийнхэн оролцсон юм.
Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци (ОУХА)-ын хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн дагуу 18.8 сая зээлжих тусгай эрх бүхий 25 сая доллартай тэнцэх хэмжээний санхүүжилттэй уг төсөл нь 2017-2021 онд хэрэгжих бөгөөд Монгол Улсын ажил хайгчид болон бичил бизнес эрхлэгчдэд хөдөлмөрийн зах зээл дэх боломжуудыг илүү хүртээмжтэй ашиглах нөхцөлийг бий болгох зорилготойг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нээлтийн ёслолд зориулж хэлсэн үгэндээ онцолсон. Тэрбээр мөн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн зах зээлийг идэвхижүүлэх арга хэмжээний үр дүнд зохих ахиц гарч байгаа хэдий ч эдийн засгийн нөхцөл байдлаас хамааран байнгын, зохистой ажлын байрны тоо дорвитой нэмэгдэхгүй, ажилгүйдлийн түвшин буурахгүй байгаа бөгөөд 2018 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэд хэдэн үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, Засгийн газраас баталсан Гурван тулгуурт бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд макро эдийн засаг, санхүү, татварын бодлоготой уялдуулан салбар дундын зохицуулалт, уялдааг хангасан Үндэсний төлөвлөгөөг боловсруулж, батлуулахад бэлэн болгоод байна. Төлөвлөгөөг хэрэгжүүлснээр ойрын хугацаанд бий болох шинэ ажлын байрны зорилтыг хангах, иргэдийн орлогыг дэмжин ядуурлаас гаргах, хөдөлмөр эрхлэлтийн шинэ хэв шинж бүрдэж, хөдөлмөр эрхлэлтийн цар хүрээ нэмэгдэнэ гэж харж байна.
-Ажилд зуучлах үйлчилгээний чанарыг сайжруулах, ингэхдээ томоохон төслүүдийн хүрээнд бий болох ажлын байрны захиалгын нэгдсэн бүртгэлийг хийж, тэдгээрт нийцүүлсэн оновчтой хуваарилалт хийх, бэлтгэх, бүртгэл, мэдээллийн чанарыг сайжруулах, үйлчилгээний үр дүнг ил тод, нээлттэй мэдээлнэ.
-Эдийн засгийн үйл ажиллагааны салбарын бүтцийн онцлогийг харгалзан албан бус салбар, хувиаараа болон өрхийн аж ахуй, үйлдвэрлэл эрхэлж ажлын байр бий болгохыг дэмжих зорилгоор зорилтот төслүүдийг хэрэгжүүлнэ. Дээрх зорилтуудтай уялдуулан “Монгол улсын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл” хэрэгжсэнээр хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөр эрхлэлтийн бодлого, үйл ажиллагааны үр өгөөж нэмэгдэх бөгөөд “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын зорилтыг хангахад хувь нэмрээ оруулна гэж үзэж байна” хэмээсэн юм.
Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жеймс Андерсон төсөл хэрэгжсэнээр хөдөлмөрийн зах зээл дээр ажил хайж байгаа иргэнд тулгарч буй саад бэрхшээл цөөрч, үр дүн нь сайжрах бөгөөд төрийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, ажилд зуучлах үйлчилгээ авсан үр шим хүртэгчид, хөдөлмөр эрхлэлтийн сургалтанд хамрагдсан иргэдийн зохих ур чадвар эзэмшсэн нь баталгаажсан тоо нэмэгдэх, бичил бизнесийг дэмжих арга хэмжээнд хамрагдаж санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэг авсан үр шим хүртэгчдийн зээл авснаас хойш хамгийн багадаа 6 сарын дараа үйл ажиллагаа явуулсан хэвээр байх хувь нэмэгдэх зэрэг үндсэн үр дүнг хүлээж буйгаа хэлсэн.
Төслийн нээлтийн үеэр ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Төслийн удирдах хорооны дарга Г.Өнөрбаяр “Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн танилцуулгыг хийсэн бөгөөд түүний танилцуулснаар төсөл гурван бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэгт төрийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний үр нөлөөг сайжруулахад анхаарч, харилцагчийн хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлснээр илүү олон ажил олгогч болон ажил хайгчдад хүрч, хувийн хөдөлмөрийн биржүүдтэй хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх юм. Удаах хэсэгт төслийн хүрээнд сонгосон хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй хөтөлбөрүүдийн дизайн, хамаарал ба эрэлт хэрэгцээнд нийцсэн байдлыг сайжруулна. Тухайлбал, хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалт, бичил бизнесийг дэмжих болон орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн онцлогт нийцсэн хөтөлбөрүүдийг одоо хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдээс илүү сайжруулсан загвараар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Харин гуравдугаар бүрэлдэхүүн хэсэгт хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, дүн шинжилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, байгууллагын болон хувь харилцагчдад хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэлд үндэслэн зөв шийдвэр гаргахад тусалж, хяналт-шинжилгээ үнэлгээ ба төслийн удирдлагыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Бүх бүрэлдэхүүн хэсгүүд нь залуучууд болон бусад эрсдэлтэй бүлгүүдэд тулгамдаж буй асуудлуудыг онцолж, хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн тэгш бус байдлыг арилгах тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх бөгөөд хувийн хэвшлийг идэвхтэй оролцуулахаар төлөвлөжээ.