С.Чинзориг: АНУ-д ажиллах хүч гаргах асуудлаар хамтарч ажиллах боломжтой

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Мануэл Микаллерыг хүлээж авч уулзлаа.

Уулзалтын эхэнд С.Чинзориг сайд “ АНУ-аас монголчуудад олгож эхлэхээр болсон H2 визний асуудлаар олон нийтэд зөв мэдээлэл өгөхгүй бол нийгмийн дунд хүлээлт үүсгээд байгаа. Үүнээс шалтгаалаад иргэд буруу ташаа мэдээлэлд автах магадлалтай тул өнөөдрийн энэ уулзалтыг хийхээр санаачилсан юм. Манай яам нь хөдөлмөрийн асуудал хариуцдаг учир уг асуудалд хамтарч ажиллах нь зөв бөгөөд бидний зүгээс энэ асуудалд дэмжлэг үзүүлэх хэд хэдэн боломж бий гэж ойлгож байгаа. Монгол Улс гадаадад ажиллах хүч гарахдаа заавал зуучлагч байгууллагаар дамжих хуультай.

АНУ-д ажиллах хүч гаргах ажлыг манай талаас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар танай ЭСЯ- ны Консулын газартай хамтраад зохион байгуулах нь зүйтэй. Тиймээс энэ хоёр байгууллага ойрын хугацаанд уулзалт зохион байгуулаад ажиллах хүч гаргах асуудлаар тодорхой шийдлүүдийг гаргаж ажиллах хэрэгтэй гэсэн бодолтой байна” гэсэн юм.

Тэрбээр мөн АНУ-д олон зуун монгол иргэн ажил хөдөлмөр эрхэлж байна. Тиймээс эдгээр иргэдийнхээ нийгмийн баталгааг сайжруулах, нийгмийн хамгааллыг нь сайжруулах зорилгоор хоёр орны Засгийн газар хооронд Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах боломжийг сонирхож байгаагаа илэрхийллээ.

Хэргийг түр хариуцагч Мануэл Микаллер “ Н2 төрлийн виз олгох асуудлыг энэ оны эхээр манай улсын Засгийн газраас шийдвэрлэсэн. Сүүлийн өдрүүдэд H2 визтэй холбоотой ташаа мэдээлэл их гарч байна. Манай Консулын газарт ч АНУ-д ажиллах хүсэлтэй иргэд ихээр хандаж байна. Таны энэ асуудалд анхаарал хандуулж шийдвэрлэхээр бидэнд хандаж буйд талархаж байна” гэсэн юм.

Мөн тэрбээр “Хэрхэн яаж ажиллах хүч гаргах асуудлыг таны хэлснээр манай Консулын газрын ажиллах хүч хариуцсан ажилтнууд болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны гадаадад ажиллах хүчний асуудал хариуцсан ХХҮЕГ-ынхан холбогдох уулзалтуудыг зохион байгуулаад ойрын хугацаанд тодорхой санал гаргана гэдэгт итгэлтэй байна” гээд засгийн газар хоорондын хамтын ажиллагаа, нийгмийн хамгааллын хэлэлцээрийн асуудлаар холбогдох байгууллагууддаа уламжлахаар боллоо. АНУ-ын   ЭСЯ-ны зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр үр дүнтэй хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд тодорхой санал санаачилга гаргавал баяртайгаар хүлээн авч холбогдох тооцоо судалгааг хийж хамтран ажиллах бүрэн боломжтой гэлээ.

 

Дээш