Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамт ажиллагаа: Хамтарсан багийн үндэсний чуулган эхэллээ
Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа: Хамтарсан багийн үндэсний чуулганыг 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулж байна.
ХНХ-ын сайд Т.Аюурсайхан хэлсэн үгэндээ “...Цаашид бид чанартай, хүртээмжтэй, нийгмийн ажил үйлчилгээг хөгжүүлэх, нийгмийн ажилтны эрх зүйн орчныг баталгаажуулахад чиглэсэн мэргэжлийн үйлчилгээний зохицуулалтыг бий болгох, нийгмийн ажилтны ёс зүйн дүрэм, стандартын хэрэгжилтийг ханган ажиллах, нийгмийн ажилтнуудыг мэргэжлийн удирдлагын тогтолцоо, чадавхийг бэхжүүлэх, нийгмийн ажилтны нийгмийн баталгааг сайжруулах, нийгмийн ажлын бие даасан хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарна. Төрийн албан хаагч Хамтарсан багийн гишүүнээр ажиллах нь албан тушаал дэвших, буурах, зэрэг дэв нэмэгдэх, цалин, урамшуулал авах зэрэгт нөлөөлөхүйц ажлын гүйцэтгэлийн үнэлгээний үзүүлэлт байх ёстой”-г онцолсон.
Чуулган хоёр үндсэн хэсэгтэй бөгөөд Хамтарсан багийн нийгмийн ажил, үйлчилгээ гэх хоёрдугаар хэсгийг ХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа удирдаж, тус газрын шинжээч Р.Нарантуяа, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны Хамтарсан багийн нийгмийн ажилтан Д.Оюунцэцэг, Монгол Улсын Их Сургуулийн Социологи, нийгмийн ухааны сургуулийн багш, доктор (PhD), проф А.Батхишиг нар илтгэл тавьж, панел хэлэлцүүлэгт оролцоно.