Сингапур Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Эрик Тео Бүүн Хийг хүлээн авч уулзлаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Эрик Тео Бүүн Хийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Хуримтлалын нэгдсэн сан байгуулах замаар иргэдэд боловсрол, эрүүл мэнд, тэтгэвэр, орон сууц, нийгмийн хамгааллын үйлчилгээг цогцоор нь шийдвэрлэх тогтолцоонд үе шаттайгаар шилжих асуудлаар санал солилцлоо.
Ноён Элчин Сайд Эрик Тео Бүүн, “Хоёр улсын хамтын ажиллагаа олон салбарт өргөжиж байна. Миний бие энэхүү хамтын ажиллагааг өргөжүүлэхэд гүүр болно. Хоёр талын түншлэл, төслүүдийг хэрэгжүүлэх, ялангуяа Хуримтлалын сангийн тогтолцоог нэвтрүүлэх асуудалд онцгой анхаарч, хүчин чармайлт гарган ажиллах болно. Чухал салбарууд дахь шинэчлэл хамтын ажиллагааг Монголын нөхцөл байдалд тааруулан нутагшуулах аргачлал дээр анхаарал хандуулж байна” гэлээ.
ХНХ-ын Сайд Т.Аюурсайхан, “Манай улсын хувьд хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоо нэвтрүүлэх асуудал маш чухал. Тогтолцоог шинэчлэх асуудал учраас суурийг маш зөв, үе шаттай, эрсдэлгүй тавих хэрэгтэй. Сангийн хөрөнгө ямар ч эрсдэлгүй байх ёстой. Энэ бол бизнес биш, шимтгэл төлөгчид, тэтгэвэр авагчид амьдрал ахуйдаа хангалттай хүрэлцэхүйц хэмжээний тэтгэвэр авах хуримтлалаа үүсгэх асуудал учраас арга аргачлалыг зөв тодорхойлоход ноён Элчин Сайдтай хамтран ажиллахдаа таатай байх болно” гээд амжилт хүслээ.