Олон Улсын Ахмадын өдөрт зориулсан нээлттэй өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа
Жил бүрийн 10 дугаар сарын 01 Олон улсын Ахмадын өдөр. Монгол Улсын хувьд энэхүү баярыг 31 дэх жилдээ тэмдэглэж байна.
Өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын ахмадын холбоотой хамтран Ахмадын өдөрт зориулсан “Нээлттэй өдөрлөг”-ийг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.
Тус өдөрлөгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа агентлагууд, Монголын ахмадын холбоо, нийслэл, дүүргийн ахмадын хороод, аж ахуй нэгж байгууллагын ахмадын хороо, зөвлөл, Геронтологийн үндэсний төв зэрэг 20 орчим байгууллагууд оролцож, ахмад настнуудад төрөл бүрийн үйлчилгээ үзүүллээ.
Хөдөлмөрч, бүтээлч ахмад настнууд өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулж, худалдан борлуулахаас гадна туршлага солилцож, хамтран ажиллах талаараа ярилцсанд өдөрлөгийн нэгэн онцлог оршино. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, тус яамны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир, Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар, дэд ерөнхийлөгч П.Бямбацэрэн нар ахмад настнуудын бүтээлтэй танилцаж, боломж нөхцлөө дайчлан жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж байгаад нь чин сэтгэлийн талархал илэрхийлж, амжилт хүсэв.
Өдөрлөгт Геронтологийн үндэсний төвийнхөн эрүүл мэндийн үзлэг, онолшлогоо хийж, зөвлөгөө өглөө.
Уг өдөрлөгт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Герентологийн үндэсний төв зэрэг төрийн байгууллагуудын үйл ажиллагааг нэг дор олон нийтэд танилцуулж, зөвлөгөө мэдээлэл өгч, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих цахим картыг сунгах зэрэг хэрэгцээтэй мэдээлэл, зөвлөгөө өгч, үйлчилгээ үзүүлсэнд өдөрлөгт хамрагдсан ахмадууд талархаж байлаа.
“Нээлттэй өдөрлөг”-ийн үеэр ахмадууд зориулсан урлаг, соёлын арга хэмжээ, хүндэтгэлийн үйл ажиллагааг ч мөн зохион байгуулсан
Дээш