ЭМГЭНЭЛ

Нийгмийн хамгааллын салбарын ахмад ажилтан Чалхаажавын Дагвадорж нь 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр өвчний учир таалал төгсөж, нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Ч.Дагвадорж 1955 онд Говь-Алтай аймагт төрсөн. Завхан аймгийн 10 жилийн дунд сургууль, Санхүү эдийн засгийн техникум, тухайн үеийн ЗХУ-ын Ленинградын  Санхүү эдийн засгийн их сургууль, Москвагийн удирдлагын академийг тус тус дүүргэсэн. Эдийн засгийн ухааны доктор, Удирдлагын Академийн дэд профессор цолтой.

Тэрээр 1994 оноос Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Улсын нийгмийн даатгалын ерөнхий газарт ахлах мэргэжилтэн, нэгжийн захирал, хэлтсийн дарга, газрын даргаар, 2007 оноос Үндэсний статистикийн хорооны Тамгын газрын дарга, Ерөнхий менежерээр ажиллаж байсан.

Ч.Дагвадоржийн хөдөлмөр зүтгэлийг төр, засгаас өндрөөр  үнэлж 1998 онд “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтан” цол, тэмдэг, 2004 онд  “Эдийн засгийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2008 онд “Төрийн албаны тэргүүний ажилтан “ цол тэмдэг, 2009 онд “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2001 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2006 онд төрийн дээд шагнал “Алтангадас” одон, 2012 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн” одонгоор тус тус шагнасан юм.

Ч.Дагвадорж нь Монгол Улсын хүн амын хөгжлийг хангах, ядуурлыг бууруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн олон чухал хууль, тогтоомж, төсөл, хөтөлбөрүүдийг санаачлан гардан боловсруулж, хэрэгжүүлэх, Нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, Улсын нийгмийн халамжийн  байгууллагуудыг Монголд шинээр байгуулах, хөгжүүлэх, боловсон хүчнийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулж өөрийн оюун ухаан, хүч чадлаа дайчлан ажиллаж ирсэн билээ.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

 

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Дээш