Дэд сайд С.Мөнгөнчимэг НҮБ-ын залуучуудын 7 дугаар чуулганд оролцлоо

     АНУ-ын Нью Йорк хотноо “Тогтвортой, дасан зохицох боломж бүхий хот, хөдөөг бүтээхэд залуучуудын оролцоо” сэдвийн хүрээнд 2018 оны 01 дүгээр сарын 30-31 ний өдрүүдэд зохиогдсон НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Залуучуудын асуудлаарх 7 дугаар чуулганд дэд сайд С.Мөнгөнчимэг оролцлоо.

    Уг чуулганыг 2012 оноос хойш зохион байгуулж байгаа бөгөөд залуучуудад тулгарч буй бэрхшээлийнхээ талаар дэлхийн удирдагчидтай НҮБ-ын төвшинд хэлэлцэх боломжийг олгох, улс орнуудад залуучуудын чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, туршлагаа харилцан солилцох боломжийг олгодог. Энэ удаагийн чуулганд 600 гаруй залуучуудын төлөөлөл, 80-аад орны өндөр төвшний албан тушаалтнууд оролцон Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд залуучуудын үүрэг оролцоог хангах асуудлаар чууллаа. Чуулганд оролцох үеэрээ дэд сайд С.Мөнгөнчимэг “Сайд нарын төвшний дугуй ширээний хэлэлцүүлэг” т оролцон залуучуудын чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, үг хэллээ.

      Тэрбээр хэлсэн үгэндээ залуучуудын хөгжил, оролцоог хангах эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор Залуучуудын хөгжлийн хуулийг батлан хэрэгжүүлж байгааг мөн бодлого боловсруулах төвшин дэх залуучуудын оролцоог хангах зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилт дахь залуучуудын оролцоо” сэдэвт үндэсний чуулганыг зохион байгуулан, чуулганаас гарсан санал зөвлөмжийг Залуучуудын үндэсний хөтөлбөрийн төсөлд тусган ажиллаж байгааг онцлон тэмдэглэлээ. Чуулганд оролцогчид Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд залуучуудын оролцоог ханган, тэдний санаачилгыг дэмжихийн чухлыг санал нэгтэйгээр зөвшөөрч, ийнхүү ажиллахдаа төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага болон олон улсын байгууллага нягт хамтран ажиллахын чухлыг онцоллоо.

Дээш