Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн 135 сургагч багш бэлтгэсэн
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/370 дугаар тушаалаар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах, шалгалт авах журам” болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хөтөлбөрийг шинэчлэн батлуулсан.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургагч багшийн сургалтын хөтөлбөрийн зорилго нь ХАБЭА-н асуудлаар хичээл заах багш, ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтанд насанд хүрэгчдийн сургалтын онцлог, заах арга зүй, хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, сургалт явуулахад шаардлагатай мэдлэг, чадварыг эзэмшүүлэх юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2019 оны 12 сард БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн агентлаг КОША-тай хамтран ХАБЭА-н сургагч багшийн сургалтыг зохион байгуулж 28 сургагч багш бэлтгэснээс хойш хэд хэдэн сургалтыг зохион байгуулсан бөгөөд 2022 оны 07 сарын байдлаар нийт 135 “СУРГАГЧ БАГШ” бэлтгээд байна.
Сургагч багш нарт “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургагч багш”-ийн сертификат гардууллаа. Тус арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд, ХАБЭА-н Үндэсний хорооны дарга С.Зулпхар, ХАБЭА-н хөгжлийн хэлтсийн дарга З.Бауыржан, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат, ХАБЭА-н үндэсний хорооны гишүүн, “Номин констракшн” ХХК-ийн ХАБЭА-н албаны дарга Н.Очирбат нар оролцолоо.