Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагийн урилгаар Монгол Улсад албан айлчлал хийж буй Бүгд Найрамдах Турк Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, ноён Ведат Билгин тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хүлээн авч уулзлаа.

uploaded pictureuploaded pictureМанай хоёр улс газар зүйн хувьд алслагдмал ч олон зуун жилийн түүх, соёлын хэлхээ холбоотой. Энэ ч утгаараа Монгол Улс гадаад бодлогын үзэл баримтлалдаа  Бүгд Найрамдах Турк Улсыг өөрийн “Гуравдагч хөрш” хэмээн тодорхойлж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгдөг. Манай хоёр орны харилцаа Иж бүрэн түншлэлийн түвшинд хүрч, улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, соёл, боловсрол, нийгмийн хамгаалал зэрэг олон салбарт идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна гэдгээ Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан уулзалтын эхэнд илэрхийллээ.

Мөн тэрбээр Монгол, Туркийн худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд өсөж, аялал жуулчлал хөгжиж, үндэсний агаарын тээвэрлэгч компаниуд шууд нислэг үйлдэж буй нь хоёр орны харилцааг шинэ агуулгаар баяжуулж байна гэдгийг онцоллоо. 

Түүнчлэн Бүгд Найрамдах Турк Улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх, хоёр улсын иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах,  оюутан, залуучуудыг ажлын байранд дадлагажуулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлого, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх талаар өргөн хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Монгол Улс Бүгд Найрамдах Турк Улс 1969 оны 6 дугаар сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд Монгол Улсад Турк Улс 1997 оноос, Турк улсад Монгол Улс 1996 оноос тус тус ЭСЯ-аа нээн ажиллуулж байна. 

Турк Улсын буцалтгүй тусламжаар манай улсын хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл, хот суурин газрын хөгжлийн төлөвлөлт, ус цэвэрлэх байгууламж, ойжуулалт, жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжил, дэд бүтэц, эрчим хүч, тээвэр, боловсрол, соёл, шинжлэх ухаан, аялал жуулчлал, эрүүл мэндийн салбаруудад 1994 оноос хойш 760 гаруй төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. 

Тухайлбал, Хархорин-Хөшөө цайдмын 46 км авто зам барих, Түрэгийн хөшөө дурсгалыг сэргээн хамгаалах, Улсын клиникийн төв эмнэлгийн дэргэд цусны төв байгуулах ажлууд, мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын цахим архив, Монгол, Туркийн найрамдлын цэцэрлэгт хүрээлэн, Бог малыг ээмэгжүүлэх “Хас цахим” зэрэг томоохон төслүүдийг дурдаж болно.

Дээш