Хүн бүрт өөрт нь тохирсон ажлыг олж өгөх хэрэгтэй

uploaded pictureНярайн шарлалт хүндэрсний улмаас тархины саажилттай болсон

Макс групп нь Монголын томоохон групп компаниудын нэг бөгөөд уул уурхай, барилга, зочид буудал, импортын бараа нийлүүлэлт зэрэг бизнесийн олон талбарт үйл ажиллагаа явуулдаг. Группийн охин компани болох “Макс хүнс” ХХК нь “М-март” сүлжээ дэлгүүрийг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхээр зорьж байгаа. 1996 онд “Макс супермаркет” нэртэйгээр анхны салбараа нээж байсан бол 2018 онд ребрэндинг хийж “М-март” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатар хотод нийт 12 салбартай.

Бид Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2012 онд барьсан нарны гүүрээр давхин, нарны хороолол дахь салбарыг зорилоо.

Биднийг дэлгүүрий

н үүдээр ороход сарын эцсийн тооллого хийж байсан бөгөөд үйлчлүүлэгчдээс гадна лангуун дээрх төрөл бүрийн барааг тоолох тун завгүй ажилчид угтав. Цааш яваад агуулах руу ороход ус, ундаа, ариун цэврийн цаас, угаалгын нунтаг зэргийг таазанд тултал маш нямбай өрж тавьсан өрөөнд идэр насны нэг залуу шаламгай гэгч нь ажиллаж байлаа. Түүнийг Э.Ихбаяр гэдэг бөгөөд өдгөө долоо дахь жилдээ “М-март” сүлжээ дэлгүүрт ажиллаж байгаа. Үндсэн ажил нь агуулахад ирсэн ачааг буулгах, захиалгын хуудасны дагуу барааг шалгах, ангилах, заал руу гаргаж тавих юм. Гэрийнхээ ойролцоох 22-ын товчоо салбарт ажилладаг ч энэ оны 3-р сараас өөрийнх нь ажилладаг салбар засвартай учраас 5-р сарыг дуустал салбарынхаа таван хүнтэй тус салбарт ажиллахаар иржээ.

Э.Ихбаяр үндэсний их баяр наадмын өдөр буюу 7-р сарын 11-нд Говь-Алтай аймагт төрсөн бөгөөд нярайн шарлалт нь хүндэрч, тэр даруй эмнэлэгт хандаж чадаагүйн улмаас тархины саажилттай болжээ. Гэнэт өндөр халуурсан хүүгээ яаран сандран нэлээд зайтай аймгийн төвийн эмнэлэг рүү мотоциклоор зөөвөрлөх үед тархины эд эс нь үхжиж, гар хөл нь хөдөлж чадахгүй болжээ. Ээж нь хүүгээ дагуулаад 6 нас хүртэл нь  Улаанбаатар хотруу 1000 км замыг туулж, тасралтгүй эмчилгээ хийлгүүлсний ачаар гар, хөлөө хөдөлгөж чаддаг болсон ч хэл ярианы бэрхшээл нь хэвээр үлджээ.

 uploaded picture

Түүний аав олон жил мал маллаж ирсэн эгэл даруу малчин хүн байжээ. Аавыгаа 2014 онд ослоор алдсаны дараа ээж гурван дүүгийн хамт хотод ирж суурьшсан байна. Тухайн үед эрэгтэй дүү нь их сургуулийн оюутан, ээж нь 2 нялх дүүг нь гэртээ хараад ажил хийх боломжгүй байсан учраас Э.Ихбаяр ганцаараа ажиллаж, гэр бүлийнхээ тулах багана нь болж ээждээ тус дэм болж байжээ. Дүүргийнхээ хөдөлмөр, халамжийн хэлтэст “Ямар ч ажил байсан гололгүй хийнэ” хэмээн ажил хайж бүртгүүлснээр төд удалгүй “М-март”-аас ажлын хариу ирж, хагартлаа баярлаж байсан хэмээн дурсан ярилаа.uploaded picture

Шинэ ажилчдыг ажлын байранд хуваарилахын өмнөх үнэлгээг чухалчилдаг

Салбарын ерөнхий менежер Б.Нандинтуяа “Э.Ихбаяр маань эелдэг зөөлөн зантай, ажилдаа сэтгэлээсээ ханддаг” хэмээн ярьж байлаа. Б.Нандинтуяагийн хувьд энэ оны 2-р сард “Нарны хороолол” салбарыг нээгдсэн үеэс ерөнхий менежерээр томилогдон ажиллаж байна. Э.Ихбаяртай хамт ажиллаад удаагүй ч байгууллагын олон нийтийн үйл ажиллагааны үеэр хэд хэдэн удаа уулзаж байсан бөгөөд түүнийг сайн мэддэг хүмүүсийн нэг билээ. Э.Ихбаяртай нэг баг болон хамт ажилласнаар түүнийг ажилдаа үнэхээр дуртай бөгөөд хамт олондоо байнга инээд бэлэглэдэг, нэг гэм нь эхэлсэн ажлаа дуусгаж байж санаа нь амардаг буюу амралтгүй ажиллах гээд байдаг зантай учраас ажлынхаа дундуур сайн амарч байгаарай гэж захидаг даа” хэмээн ярьж суулаа.

Нарны хороолол салбар нийт 48 ажилтантай бөгөөд одоогийн байдлаар хоёр хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллаж байна. Сандарч, тэвдэхээрээ бэрхшээлийнх нь онцлог илүү илэрдэг хэл ярианы бэрхшээлтэй хоёр ажилтны нэг нь кассчнаар ажиллаад гурван сар болж байна. Нөгөө нь хөлдөөсөн бүтээгдэхүүний тасагт худалдааны зөвлөхөөр ажиллаад 6 сар өнгөрч байна.

“Макс хүнс” ХХК нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг байгууллагынхаа хүний нөөц хариуцсан хэлтэс бүртгэж, сонгон шалгаруулалт явуулан шалгаруулан авснаар тухайн хүнийг тохирсон салбарт нь хуваарилдаг. Группийн хэмжээнд болон охин компани тус бүр өөрсдийн олон нийтийн хуудсаараа дамжуулан ажлын зар гаргадаг.

3 жилийн өмнө Макс группээс ажлын гараагаа эхэлж, жил хагасын өмнөөс “Макс хүнс” ХХК-д хүний нөөцийн менежерээр ажиллаж буй Д.Мөнхшүрийн ярьж буйгаар 1999 онд батлагдсан хуульд заасан ажил олголтын квотыг хангах зорилгоор Макс групп хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажиллуулж байна. Макс групп нийт 2700 гаруй ажилтантай ба одоогоор 200 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллаж байна. “Макс хүнс” ХХК-ийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тохирсон ажлын байранд хуваарилахыг чухалчлан авч үздэг.  “Макс хүнс” ХХК нь нийт 350 ажилтантай бөгөөд үүнээс хөгжлийн бэрхшээлтэй 12 хүн ажиллаж байна.

“Сонгон шалгаруулж авсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тохирсон ажилд хуваарилахад онцгой анхааран ажилладаг. Үйлчлүүлэгчдийн тоо, худалдан авах чадвар, байршил зэргээс хамаараад салбар бүр өөрийн онцлогтой байдаг учраас аль болох удаан хугацаанд тогтвортой ажиллуулахын тулд тухайн хүнд тохирсон ажлын байрыг гаргаж өгөх нь маш хариуцлагатай ажил учраас хөгжлийн бэрхшээлтэй хүнд үнэн зөв үнэлгээ хийсний дараа хүн бүрийг тохирсон салбарт, тохирсон ажлын байранд хуваарилдаг” хэмээн хүний нөөцийн менежер Д.Мөнхшүр онцолж байсан юм.

Д.Мөнхшүрийн хувьд Монголд их сургуулиа төгсөөд үргэлжлүүлэн Тайвань улсад хүний нөөц, олон улсын бизнес чиглэлээр хоёр жил магистрт суралцжээ. Магистраа амжилттай хамгаалаад Тайвань дахь Японы хөрөнгө оруулалттай охин компанид нэг жил гаруй хугацаанд ажиллах үеэрээ сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүмүүстэй хамт ажиллаж байсан. Тэр цаг үеэс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар сонирхох болж, цаашид нутаг буцаад хүний нөөцийн ажилтнаар ажиллахаар шийдэж байжээ.

М-март сүлжээ дэлгүүрт саяхныг хүртэл 20 хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллаж байсан ч группийн дэвтрээ сунгуулж чадаагүй шалтгаанаар найман хүн ажлаасаа гарч, одоогоор 12 хүн ажиллаж байна.

Үйлчлүүлэгчид хэл ярианы бэрхшээлтэй ажилтныг маань бэрхшээлтэй гэдгийг хараад шууд анзаардаггүй учраас дэлгүүрт хайгаад олохгүй байгаа бүтээгдэхүүн хаана байгааг асуух тохиолдол их байдаг. Үүнийг шийдвэрлэхийн тулд тус ажилтныхаа энгэрт “Асуух зүйл байвал кассын ажилтнаас асууна уу” гэсэн бичгийг тогтоож өгсөн. Яг оновчтой шийдэл үгүйг бид мэдэхгүй байгаа ч тодорхой хэмжээнд үр дүн гарсан хэмээн танилцуулж байлаа.uploaded picture

7 жилийн хугацаанд гарсан өөрчлөлт

“Монголын нийгэмд одоог хүртэл хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт хангалтгүй байна. Хүү маань ойлгомжтой сайн ярьж чаддаггүй болохоор архи уусан согтуу хүн явж байна гэж хүмүүс их андуурдаг. Саяхан хүү бид хоёр банкны лизингийн үйлчилгээнд хамрагдах хүсэлт тавьсан ч бүтээгүй. Тэр бүрд хүүгээ нялх байхад өвчнийг нь эрт анзаарч хүндрүүлээгүй байсан бол хүү бид хоёр ингэж уйлж суухгүй л байсан даа хэмээн эгч нь өөрийгөө л буруутгаж суудаг даа” хэмээн Э.Ихбаярын ээж Г.Энхтуяа эгч бидэнд сэтгэлээ хуваалцлаа. Амьдралд тохиолдох хатуу болгоныг хүү маань л зөөллөж, ээжийнхээ болон дүү нарынхаа түшиг тулгуур нь болж явна даа. "Хэчнээн сэтгэлээр унаж, нулимс дуслуулах үе байдаг ч хүү маань  хоноод л эргээд цоглог болчихдог. Сэтгэлийн хаттай, хэн хүнээс илүү тэвчээртэй байдал, илэн далангүй ярилцдаг зан нь надад маш их урам зориг өгдөг. Э.Ихбаяр өдгөө долоо дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд түүнд олон эерэг өөрчлөлтүүд гарчээ. Хүнд бараа, бүтээгдэхүүн олон жил зөөсний хүчинд мөр болон гарын шуунд булчин сууж, илүү бяртай болжээ. Зөвхөн харагдах байдлын хувьд ч бус харилцааны тал дээр ч өөрчлөлт гаржээ. Өмнө нь хүнтэй харилцах дургүй, түргэн ууртай, зөрүүд байсан бол одоо тайван дөлгөөн, хүний яриаг дуустал анхааралтай сонсож, өөрийн санаа бодлоо бусадтай хуваалцах чадвартай болсон тухай түүний ээж дурдаж байлаа. М-мартын хамт олон хүүтэй маань их ярилцдаг бөгөөд хүү маань ч өөрийгөө бусадтай ярилцах дуртай нээлттэй болсонд туйлын баяртай байдаг" хэмээн Г.Энхтуяа эгч инээмсэглэн ярьж суусан юм.

uploaded picture

Энэ удаагийн дугаарт танилцуулсан М-март сүлжээ дэлгүүрийн гол баримталдаг зарчим бол хөгжлийн бэрхшээлтэй хүн нэг бүрд үнэлгээ хийсний дүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тохирсон ажлын байранд хуваарилдаг. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй ажилчид маань хүсэл тэмүүлэл дүүрэн, урт хугацаанд тогтвортой ажиллах боломж бүрдэж улмаар бүх ажилчдад ээлтэй ажлын байр бий болох юм. Алдаа онооноосоо суралцан цаашид маш олон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах ерөөлийг дэвшүүлье. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгэмд гарч хөдөлмөр эрхлэхэд өөрсдөөс нь гадна гэр бүл болон байгууллага, хамт олонд нь эерэг өөрчлөлтүүд бий болдог.

Цаашид Монгол Улсын Засгийн газрын хүрээнд хэрэгжүүлэх “Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ”-ээр дамжуулан аль болох олон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хөдөлмөр эрхлэх боломжийг бий болгож, Монголын нийгэмд эерэг өөрчлөлтийг авчрах ерөөлийг Макс хүнс ХХК-д дэвшүүлье.

uploaded picture


https://ikon.mn/n/2kvk

Дээш