Олон Улсын Хөдөлмөрийн Бага хурлын 110 дугаар ээлжит Чуулган Швейцарын Холбооны Улсын Женев хотноо болж байна.
Чуулганд Монгол Улсын Засгийн газрын гишүүн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа тэргүүтэй манай улсын гурван талын төлөөлөгчид цахимаар болон биечлэн оролцож байна.
Чуулганы Нэгдсэн хуралдаанд Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Ерөнхий Захирлын тавих үндсэн илтгэлийн хүрээнд А.Ариунзаяа сайд үг хэлж, Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ.
Энэ жилийн Чуулган цар тахлын давалгаа намжиж, дэлхийн олон улс оронд эдийн засгийн сэргэлтийн бодлого хэрэгжүүлж буй цаг үед болж байгаагаараа онцлог байна. Чуулганд 180 гаруй улсын засгийн газар, ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн байгууллагын 4000 орчим төлөөлөгч цахимаар болон биечлэн оролцож байгаа юм.
Хурлаар цар тахлын дараа эдийн засаг болон бусад салбаруудыг богино хугацаанд сэргээхэд чиглэсэн зохистой хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн суурь зарчмуудыг хангасан эрүүл, аюулгүй ажлын байр, ажлын байрны дадлагажилт, Далайн хөдөлмөрийн тухай Конвенцийн нэмэлт өөрчлөлт зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна.
#ILC2022