“Тогтвортой хөгжилд залуучуудын оролцоо” үндэсний чуулганыг амжилттай зохион байгууллаа
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран “Тогтвортой хөгжилд залуучуудын оролцоо” үндэсний чуулганыг Төрийн ордонд зохион байгууллаа.
Төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагынхнаас гадна 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн төлөөлөл 15-34 насны залуучууд, эрдэмтэн судлаачид зэрэг 850 зочид төлөөлөгч оролцсон чуулганы үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, дэд сайд С.Мөнгөнчимэг болон холбогдох яамдын дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга зэрэг албаны хүмүүс оролцож залуучуудын өмнө тулгамдаад буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн талаар хэлэлцэж залуучуудынхаа байр суурийг сонслоо.
Чуулганыг нээж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ монгол залуусаа ажлын байраар хангаж, гадаадаас авдаг ажилчдын тоог 50 хувиас дээш гаргахгүй байх зэрэг залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд Засгийн газраас барьж буй бодлогын талаар танилцуулсан. Мөн УИХ-ын дарга М.Энхболд чуулганы төлөөлөгчдөд илгээлт явуулжээ.
Залуучуудын үндэсний чуулганы гол илтгэлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг тавьсан. “Эх дэлхийгээ шинэчилье: Тогтвортой хөгжлийн зорилт ба залуучуудын манлайлал” илтгэлдээ С.Чинзориг сайд залуучуудын дунд ядуурал, ажилгүйдэл, боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах нь залуучуудын хөгжил дэвшилд чухал нөлөөтэй бөгөөд хөгжлийн үр шимийг эрэгтэй, эмэгтэй хүн бүр ижил тэгш хүртэх боломж нөхцөлийг бүрдүүлэх нь залуучуудын хөгжлийн үндсэн зарчим, байгаль орчны бохирдол, саарал эдийн засаг, зохисгүй хэрэглээ залуучуудын өмнө тулгамдсан асуудал, орон сууц залуучуудын өмнө хамгийн тулгамдсан асуудал болоод байгааг дурдсан.
Мөн тэрбээр, тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд залуучуудын манлайлал, төр-иргэний нийгэм-хувийн хэвшлийн түншлэлийг хангаж ажиллах нь нэн чухал гэдгийг онцолж, өнөөдрийн чуулган нь ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхлэх Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль хэрэгжиж эхлэхэд томоохон түлхэц болно гэв.
“Тогтвортой хөгжилд залуучуудын оролцоо” үндэсний чуулганы үеэр ХНХЯ, Эрүүл мэндийн яам, БСШУСЯ, ГХЯ, ХХААХҮЯ, ХЗДХЯ болон нийслэлийн ЗДТГ-аас залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа танилцуулж, цаашид хэрэгжүүлэх ажилдаа тусгах саналыг төлөөлөгч залуусаас авч, бодлогын баримт бичигт тусгахаар боллоо.
Манай нийт хүн амын 34,6 хувийг 15-34 насны залуучууд эзэлж буй нь Монгол Улс залуучуудын хөгжилд тулгуурласан орон болсныг илтгэж байгаа юм. Эдийн засгийн хөдөлгөгч хүч, хүн амын өсөлтийг дэмжигч хүн амын чухал бүлгийн хувьд тэдний эрхийг дэмжих, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлж, эрүүл мэндээ хамгаалах, хөдөлмөр эрхлэх, олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвар бүхий мэдлэг боловсрол эзэмших, мэдээллийг цаг үеэсээ хоцролгүй хүртэх, шийдвэр гаргах үйл явцад оролцох, чөлөөт цагийг зөв боловсон үр бүтээлтэй өнгөрүүлэх аливаа хүчирхийлэл ялгаварлан гадуурхлаас ангид байх, тэдний амьдралын чанарыг нэмэгдүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлэх асуудал нэн чухал байгаа талаар албаныхан болон чуулганы төлөөлөгч залуус ярьж байлаа.
НҮБ-ын Хүн амын сангаас 2013 онд гаргасан дэлхийн улс орнуудын залуучуудын бодлогын судалгаанд 198 орон хамрагдсаны 122 нь залуучуудын талаар баримтлах нэгдсэн бодлогын баримт бичигтэй. Харин тухайлсан бодлогогүй 76 орны тоонд манай улс багтаж байсан бол 2017 онд УИХ-аас Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг баталсан нь Монгол Улс залуучуудын асуудлаар баримтлах бодлого, эрх зүйн орчин бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Уг хууль 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээр залуучуудын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бодит боломж бүрдэх бөгөөд залуучуудын хөгжлийн талаар баримтлах дунд хугацааны бодлого болох “Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийг”-ийг боловсруулаад байна.
Монгол Улсын хөгжил дэвшилд залуучуудын үүрэг, оролцоо ихээхэн чухал бөгөөд тэдний энэхүү боломж нөөцийг оновчтой чиглүүлэх, хөгжлийн бодлогоор дэмжих нь төр засаг, иргэний нийгмийн байгууллагын хамтын үйл ажиллагаанаас шууд хамаарна гэдгийг ч чуулганд оролцогчид онцолж байлаа. Үндэсний чуулганаас нийт залуучуудад хандаж уриалга гаргав.