Итали улстай нийгмийн хамгааллын салбарт харилцааг өргөжүүлэх боломжтой
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Итали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Андре Де Фелипийг хүлээж авч уулзлаа.
Итали улс Монголд Элчин сайдын яамаа нээгээд удаагүй ч хоёр улсын хооронд тогтоосон дипломат харилцаа хамтын ажиллагаа бараг хагас зуун жилийн түүхтэй. Энэ хугацаанд хоёр орны хооронд тэр дундаа хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа өргөжиж буйг С.Чинзориг сайд уулзалтын эхэнд онцолсон. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа идэвхжсэнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн юм.
Италийн “Раул Фолерогийн анд нөхдийн холбоо” /АИФО/ төрийн бус байгууллагын шугамаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамт олонд түшиглэн сэргээн засах хандлагыг төлөвшүүлэх, эмзэг бүлгийн хүүхдүүдэд хамт олонд түшиглэсэн хандлагыг нэвтрүүлж, жижиг төслүүдийг хэрэгжүүлж буй юм. Мөн “Дон Боско” МСҮТ-ийг байгуулж хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн, хувь хүний чадамжид суурилсан мэргэжлийн боловсрол олгох чиглэлээр монгол залуусыг сургаж байгаа зэрэг хоёр улсын хооронд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллаж буй үйл ажиллагааны талаар С.Чинзориг сайд Элчин сайд Андре Де Фелиптэй санал болилцсон.
Итали-Монголын Засгийн газар хоорондын холимог комиссын хоёрдугаар хуралдаан өнгөрсөн дөрөвдүгээр сард Улаанбаатар хотноо болж эдийн засаг, нийгмийн олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохирсон. Энэ хүрээнд болон хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулж, ядуурлыг багасгахад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтарч ажиллахад бэлэн байгаагаа Элчин сайд дуулгаад “Миний ээж насаараа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө сайн дурын ажил хийсэн. Тиймээс энэ чиглэл надад ойрхон байдаг юм. Тэр утгаараа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ялангуяа хүүхдүүдийг хөгжүүлэх, сэргээн засах чиглэлд онцгой анхаарал хандуулж ажиллахын хамт Италийн холбогдох албаныхантай холбож өгөх үүргийг би өөртөө авч байна” хэмээсэн.
С.Чинзориг сайд Итали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдад хандан цаашдын хамтын ажиллагааны хэд хэдэн санал тавьсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн сэргээн засах, хүүхдийн хөгжлийг бэрхшээлийг тодорхойлох зэргээс гадна хүн амын шилжилт хөдөлгөөнийг маш зөв зохицуулсан Италийн туршлагаас суралцах боломж олгохыг хүслээ.
Уулзалтын ярианы нэг сэдэв нь Монголоос хүүхэд үрчлэхтэй холбоотой байлаа. Сайдын хэлснээр Италид 19 монгол хүүхэд үрчлэгдсэн байдаг бөгөөд манай талаас эдгээр хүүхдүүдийн талаарх мэдээллийг авч эргэх холбоотой байх боломжийг бүрдүүлэхэд ЭСЯ-тай хамтарч ажиллахыг хүсч буйгаа илэрхийлсэн. Элчин сайд итали гэр бүл Монголоос хүүхэд үрчлэх хүсэлтэй байдаг ч хүүхэд үрчлэх хүсэлт гаргаснаас хойш шийдвэрлэх хүртэлх хугацаа дэндүү урт байгааг богиносгох боломж бий эсэхийг тодруулсан юм. С.Чинзориг сайд “Хүүхэд үрчлүүлэх нь хуулийн хүрээнд нягт нямбай авч үзэх эмзэг асуудал. Энэ асуудлыг Хүүхдийн эрхийн тухай хууль болон Хууль зүйн сайдтай хамтран баталсан журмаар шийдвэрлэж байгаа бөгөөд одоогоор эдгээр хууль, журамд ямар нэг өөрчлөлт оруулах тухай яриагүй байна” хэмээсэн юм.