ГАРААНЫ БИЗНЕС ДЭМЖИГЧДИЙГ САЛБАРЫН САЙД ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Орон нутагт болон дүүргүүдэд гарааны бизнесийг хөгжүүлэх, тухайн аймаг, дүүргийн гарааны бизнесийн орчин нөхцөлийг төлөвшүүлж, залуучуудаар удирдуулсан шинэ бизнес төрүүлж, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хамт олон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдтай уулзлаа.

Швейцарийн хөгжлийн агентлагын санхүүжилтээр GFA консалтинг групп хэрэгжүүлж байгаа Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийг Увс, Завхан, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дархан-Уул аймаг, нийслэлийн Баянгол, Хан-Уул дүүрэгт хэрэгжүүлж, гарааны бизнес эрхлэгч  890 залууг үйл ажиллагаандаа татан оролцуулжээ. Түүнчлэн төсөл хэрэгжиж буй аймаг дүүргүүдэд гарааны бизнесийн уралдаан зарлаж, шилдгийн шилдэг есөн төсөлд 10 хүртэлх сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Энэ нь хэдий цөөн тоо мэт боловч гарааны бизнес эрхлэгчдэд үлгэрлэл бий болгох, загвар схемийг үүсгэж чадсан гэдгийг Төслийн нэгжийн захирал Т.Энхтуяа онцоллоо.

Цаашдаа төслийн хүрээг өргөжүүлэх, салбар яамтайгаа харилцан хамтран ажиллах, төсөл хэрэгжүүлэх хугацаанд хуримтлуулсан туршлага мэдлэгийг үндэсний түвшинд авч амжилттай хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа ч энэ үеэр дурдсан. 
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг төслөөс гарсан залуучуудын гарааны бизнесийг дэмжих загвар схемийг сайшаагаад, энэ схемийн дагуу 21 аймаг, 9 дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсээр дамжуулан залуучуудын гарааны бизнесийг дэмжих болсноо онцолсон.

Мөн тэрээр Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж, боловсруулах шатанд байгаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, Хөдөлмөрийн тухай хууль, Мэргэжлийн боловсролын сургалтыг дэмжих, үр дүнг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллаж, өөрсдийн хуримтлуулсан туршлага болон олон улсын сайн жишгүүдээс тусган санал оруулаарай гэж захив.

Уулзалтын төгсгөлд Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл нь 15-34 насны залуучууд, тэр дундаа мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчидруу чиглэж байгаа нь сайн хэрэг, цаашдаа Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг бодлогоор дэмжих зайлшгүй шаардлага бий бөгөөд Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн судалгааг нарийвчлан гаргах шаардлага байна. Энэ асуудалд мөн хамтран ажиллах боломж бий гэдгийг хэллээ.

Дээш