С.Чинзориг: Хөдөлмөрийн хуулийн шинэчлэл ажилтан, ажил олгогч аль алинд нь хамаатай


        Хүний эрхийн үндэсний комиссоос санаачлан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийн асуудлаар нийгмийн түншлэл болон ОУХБ-ын төлөөллийг оролцуулан “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл болон хувийн хэвшил дэх хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт”  зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр /2017-12-06/ зохион байгууллаа.


       Уг уулзалтанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг оролцож Засгийн газарт хүргүүлж, хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар мэдээлэл өгсөн юм. Иргэний хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбоотой харилцааг зохицуулах үүрэг бүхий Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нийгмийн түншүүд буюу ажил олгогч болон ажилтны байгууллагууд, энэ асуудлаар мэргэшсэн хуульч, судлаачид, сонирхсон төрийн бус байгууллагууд зэрэг олон талын төлөөллүүдтэй хамтран боловсруулахад Олон улсын хөдөлмөрийн байгууллага бүх талын дэмжлэг туслалцааг үзүүлж хамтран ажилласныг С.Чинзориг сайд ярианыхаа эхэнд онцлон дурдаад “1999 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулиар төрөөс хөдөлмөрийн харилцааг дангаар зохицуулах үүрэг солигдсон шилжилтийн үеийн хөдөлмөрийн харилцааг тухайн үеийнхээ нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шаардлагад нийцүүлэн зохицуулсан бөгөөд хөдөлмөрийн хамтын гэрээ, хэлэлцээр, хамтын маргаан, ажил олгогч, ажилтан хоорондоо хөдөлмөрийн харилцааны нөхцөлөө тохиролцох, хөдөлмөрийн удирдлагын хоёр ба гурван талт зөвшлийн эрх зүйн үндсийг бий болгоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Гэвч эдийн засаг, нийгмийн хурдацтай хөгжлийг даган бий болж байгаа хөдөлмөрийн харилцааны зарим хэлбэр, харилцааг одоо мөрдөж буй Хөдөлмөрийн тухай хууль бүрэн зохицуулж чадахгүй байгаагаас ажилтан болон ажил олгогчид ихээхэн хүндрэл учруулж байна. Энэ талаар мөн Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан удаа дараагийн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой тайлан болон судалгаанд дурдагдсан. Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийг шинэчлэхдээ өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг боловсронгуй болгож, хамрах хүрээг өргөжүүлэх, мөн албадан хөдөлмөр, ажил, мэргэжлээр ялгаварлан гадуурхах болон хүүхдийн хөдөлмөрийг хориглох, цалин хөлс, ажлын цаг, ээлжийн амралт зэргийг уян хатан зохицуулах, ажилтны эвлэлдэн нэгдэх эрхийг хангах, хөдөлмөрийн маргааныг аль болох богино хугацаанд зохицуулах, нийгмийн түншлэлийн тогтолцоог оновчтой болгох зэрэг олон асуудлыг шийдвэрлэхийг зорьсон” хэмээсэн. 

        Тэрбээр мөн хуулийн төсөлд тусгагдсан гол зохицуулалтыг танилцууллаа. Тухайлбал, эдийн засаг, нийгмийн хөгжлийн явцад хөдөлмөрийн зах зээлд зуучлагч компаниар дамжуулан ажилтан авч ажиллуулах, зайнаас буюу гэрээсээ ажиллах, бүрэн бус цагаар ажиллах, алслагдмал газар байрлаж ажил, үүргээ гүйцэтгэх зэрэг хөдөлмөрийн харилцааны цоо шинэ хэлбэрүүд бий болсон. Эдгээр харилцааны онцлогт нийцсэн зохицуулалтуудыг хуулийн төсөлд тусгасан байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойшхи харилцааг зохицуулахаар тусгасан нь хуулийн хамрах хүрээг явцуу болгож, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажилтнууд Хөдөлмөрийн тухай хуулиар хамгаалагдсан эрхээ эдэлж чадахгүйд хүргэж байгаа тул шинэчилсэн найруулгын төсөлд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй ч ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцож Хөдөлмөрийн тухай хууль үйлчлэх зохицуулалтыг оруулжээ. Эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, насанд хүрээгүй боловч хөдөлмөрлөх эрх үүссэн хүүхэд зэрэг тодорхой бүлгийн хөдөлмөрийн харилцааны зохицуулалтыг олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний суурь зарчмуудад нийцүүлэн боловсронгуй болгож, тэдний цалин хөлсний ялгаа, ажиллах нөхцөлийн тэнцвэргүй байдлыг арилгах, тэдний хөдөлмөрлөх эрхийг тодорхой болгосны хамт ажилтан, ажил олгогчийн хуулиар хамгаалагдах эрх, хүлээх үүргийг тэнцвэржүүлэх зохицуулалтыг оруулж, хөдөлмөрийн харилцаанд шударга бус үйлдлийг хориглох, ажлын байрны дарамт, ялгаварлан гадуурхалтыг хязгаарлах  зохицуулалтуудыг оруулсан тухай С.Чинзориг сайд танилцуулсан. Үндсэн цалин, хөдөлмөрийн норм, цалин хөлсний зарчимтай холбоотой зохицуулалтыг илүү цэгцтэй болгож, ажилтанд олгох нэмэгдэл хөлс, олговрын доод хэмжээг хуульчлан тогтоож, түүнээс дээш хэмжээгээр олгох асуудлыг ажил олгогчийн эрх хэмжээнд нээлттэй үлдээхээр зохицуулалтыг хийсэн байна. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн хяналт, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн бүрэн эрхтэй холбоотой зохицуулалтыг илүү нарийвчлан тусгасан нь өмнөх хуулиас илүү болсон хэмээн үзэж байгаагаа хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулсан.

        Төрийн болон төрийн бус байгуулага, хувийн хэвшил, Үйлдвэрчин, ажил олгогчийн төлөөлөл, Олон улсын хөдөлмөрийн байгууллагынхан оролцсон зөвлөлдөх уулзалтаас гарсан санал дүгнэлтийг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгах саналыг Ажлын хэсэгт хүргүүлэх юм байна.


 

Дээш