ОУХБ-тай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
Монгол Улсад зохистой хөдөлмөрийн хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас “Зохистой хөдөлмөр-2” хөтөлбөрийг Монгол Улсад 2017-2021 онд хэрэгжүүлэхээр болсон. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гурван талт нийгмийн түншүүд буюу Засгийн газар, МҮЭ, Ажил олгогч эздийн холбоо хамтран ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан юм. Санамж бичигт Засгийн газрыг төлөөлж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, үйлдвэрчний байгууллагыг төлөөлж МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар мөн МАОЭНХ-ны төлөөлөл ОУХБ-ын Монгол, Хятадыг хариуцсан товчооны дарга Тим Дэ Мэйэр нар гарын үсэг зурлаа.
Зохистой хөдөлмөрийн хөтөлбөрийн эхний шатыг 2006-2010 онд амжилттай хэрэгжүүлснээр ОУХБ-ын Монгол дахь үйл ажиллагаа нь Дэлхийн ажлын байрны пактын хүрээнд боловсруулсан дүн шинжилгээ, түүний зөвлөмжид тулгуурлан явагдах боломж бүрджээ. Энэ удаагийн хөтөлбөрийг НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөр, 2017-2021 онд хэрэгжүүлэх Хөгжлийн туслалцааны хүрээнд нийцүүлж, Монгол Улсын Засгийн газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой санал солилцож, өмнө хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үнэлгээ, зөвлөмж, ОУХБ-ын Шинжээчдийн хорооноос Монгол Улсад хүргүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлэхэд анхаарч боловсруулсан байна. Түүнчлэн, Ази, Номхон далайн бүсийн 16 дугаар чуулганаар баталсан Балийн тунхаглалд байгаль орчинд ээлтэй, хүртээмжтэй, ажлын байр нэмэгдүүлсэн эдийн засгийн өсөлтийг хангах эерэг орчныг бүрдүүлэх, тэгш бус байдал, цалин багатай ажлыг буурулахын төлөө хөдөлмөрийн зах зээлийг сайжруулах, ажил олгогч, ажилтны байгууллагын төлөөлөх чадвар, бие даасан байдлыг сайжруулж, хөдөлмөрийн зах зээлийн удирдлагыг сайжруулах замаар хөдөлмөрийн зах зээлийн удирдлага, тайлан, хяналт, маргаан таслах механисзмыг сайжруулах, дэлхийн даяаршилын энэ эрин үед олон улсын хөдөлмөрийн стандартыг хэрэгжилтийг сайжруулах зэргийг Ази, Номхон далайн бүсийн хөдөлмөрийн хүрээний тэргүүлэх чиглэл болгон тодорхойлсон байна.
Хамтрагч талууд “Хүртээмжтэй, албан эдийн засагт өндөр бүтээмжтэй ажиллах хүчний тоог нэмэгдүүлэх”, “Хүртээмжтэй, зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэхэд хөдөлмөрийн зах зээлийн засаглал, институцийг сайжруулах” гэсэн хоёр тэргүүлэх чиглэлд үйл ажиллагаагаа явуулж зохистой хөдөлмөрийн үзүүлэлтийг ашиглаж эмэгтэйчүүд, залуучууд, малчдын хөдөлмөр эрхлэлтийн чанарыг сайжруулахад анхаарах, төрөөс хариуцлагатай, хүчтэй, өрсөлдөх чадвар бүхий бизнесийг дэмжиж эмэгтэйчүүд, залуучууд, малчдад бүрэн, бүтээмжтэй ажлын байр бий болгох эерэг орчныг бүрдүүлэх үр дүнд хүрэхээр зорилгоо тодорхойлжээ.