С.Чинзориг сайд Тим Дэ Мэйэрийг хүлээж авч уулзлаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнөөдөр /2017-12-06/ Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Монгол, Хятадыг хариуцсан Бээжин дэх товчооны дарга Тим Дэ Мэйэрийг хүлээж авч уулзлаа. Уулзалтын эхэнд С.Чинзориг сайд ноён Тим Дэ Мэйэрт ОУХБ-д манай улстай холбоотой 20 гаруй жил ажиллахдаа сүүлийн дөрвөн жилд нь Монголыг хариуцаж хөдөлмөр эрхлэлтийг сайжруулах, хөдөлмөрийн харилцааны хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон шинээр томилогдон очиж буй Женев дэх ОУХБ-ын төв оффист стандарт хариуцсан ахлахын ажилд нь амжилт хүслээ.
Тэрбээр мөн ОУХБ-аас хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр үзүүлж буй дэмжлэг жилээс жилд нэмэгдэж, хамтын ажиллагааны цар хүрээ өргөжиж байгаад талархаад “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг удахгүй Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихаар бэлтгэл ажлыг хийж байна. Хуулийн шинэчлэлийн талаар олон жил ярилаа, Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас ч энэ асуудалд анхаарч техникийн зөвлөгөө дэмжлэг үзүүлж байгаа. 2015 онд би Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьж УИХ-аар хэлэлцэх эсэхийг нь шийдүүлсэн ч тухайн үеийн эрх баригчдын улстөржилтөөс үүдээд буцаачихсан юм. Тиймээс одоо яаралтай өргөн барьж, хэлэлцүүлэх хэрэгтэй байгаа. Үйлдвэрчний эвлэлээс зарим асуудлыг дахин ярилцах хүсэлт тавьсны дагуу ойрын хугацаанд Ажлын хэсэг дээр хэлэлцэж ойлголтоо нэгтгэж чадвал хуулийн төслийг өргөн барихад бэлэн болно” хэмээсэн. Түүнчлэн Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах мхүч мэргэжилтэн авах тухай хууль 2001 онд батлагдсанаас хойш хуулийн зорилго, зохицуулалт, хамрах хүрээний хувьд нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцэхгүй болоод байгаа тул хуулийг шинэчлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэ ажилд ОУХБ-аас техникийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд анхаарахыг Тим Дэ Мэйэрээс хүслээ.
Мөн хөдөлмөрийн гадаад шилжилт хөдөлгөөний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, мэргэжлийн болон судалгааны байгууллага, иргэн, хуулийн этгээд, олон нийтийн төлөөллийг оролцуулсан “Хөдөлмөрийн гадаад шилжилт хөдөлгөөний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашид хийх шинэчлэл” сэдэвт үндэсний зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэж буй мэдээлийг өгсөн юм.
ОУХБ-ын дэмжлэгтэйгээр уул уурхайн салбарт ажиллагсдын цалин хөлс, хөдөлмөрийн үнэлгээг хийх зөвлөх үйлчилгээний хүрээг өргөжүүлэн бусад салбарыг хамруулах боломжийг судалж үзэх хүсэлт тавьсан.
Тим Дэ Мэйэр туршлагатай, салбараа мэддэг хүн хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг удирдахаар ирсэнд баяртай байгаагаа илэрхийлээд С.Чинзориг сайдад амжилт хүсэв. ОУХБ-ын хувьд олон жил идэвх чармайлт гарган оролцсон Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцүүлж эхэлсэн ажлынх нь үр дүн гарахад ойрхон байгаа гэдэгт итгэлтэй байна хэмээсэн юм. Тэрбээр С.Чинзориг сайдын тавьсан саналуудыг анхаарч судлаад зогсохгүй тодорхой зүйлүүд дээр дэмжлэг туслалцаа үзүүлэхээс ОУХБ татгалзахгүй гэдгийг хэлсэн.