Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүдийг чадавхжуулах сургалт болж байна
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын аймаг, дүүргийн салбар комисс, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөл болон холбогдох бусад төрийн үйлчилгээний байгууллагын удирдах ажилтнуудыг чадавхжуулах үндэсний хэмжээний бүсчилсэн сургалтыг энэ оны 4,5 дугаар сард зохион байгуулж байна.
Өнөөдрийн сургалтаар нэг аймаг, нэг дүүргийн кейсийг танилцуулж өнгөрсөн оны 11-р сард зохион байгуулсан сургалтын үр дүнг танилцуулсан юм. Мөн хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжийн хүүхдийнхээ суралцахуйг хэрхэн дэмжиж буй туршлага хуваалцаж Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцахуйг дэмжихэд эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг, оролцоо, хариуцлага ямар чухал болохыг хөндлөө. Мөн боловсролд хамрагдалтыг дэмжих зөвлөлийн үйл ажиллагаанд Салбар комиссын үүрэг, оролцоо, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролд хамрагдалтын талаарх хэлэлцүүлэг, ярилцлага хйисэн юм.
Сургалтыг ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир нээсэн бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүдийг идэвхтэй оролцож цаашид илүү үр дүнтэй хамтран ажиллахыг онцлов.
Сургалтад Нийслэлийн 9 дүүрэг, Төв, Өмнөговь, Дундговь, Дархан-Уул аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга, Эрүүл мэндийн газрын дарга, Эрүүл мэндийн төв болон Нэгдсэн эмнэлгийн дарга, Нэгдсэн эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн багийн эмч нар, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий ТББ-уудын төлөөлөл нийт 180 орчим оролцогч хамрагдаж байна.
ХНХЯ НҮБ-ын Хүүхдийн сан, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төсөл, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах-2” төсөлтэй хамтран зохион байгуулж байна.