Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын даргаар томилогдсон ноён Танака Шин Ичи-г хүлээн авч уулзлаа.

uploaded pictureuploaded pictureuploaded pictureУулзалтаар дэд сайд С.Зулпхар ноён Танака Шин Ичи-д шинэ албан тушаалд томилогдсонд баяр хүргээд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт, цаашлаад манай улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд японы ард түмэн, Засгийн газраас сүүлийн 30-аад жилд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, тусламж дэмжлэг, төсөл хөтөлбөрүүдийг дурдан, талархаж буйгаа илэрхийлэв.

Мөн ЖАЙКА-аас тус салбарт хэрэгжүүлж байгаа төслүүдийн явц, хүлээгдэж буй үр дүн, цар хүрээний талаар товч танилцуулаад цар тахлын үед ажиллах онцлог байдал, Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэх, салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд ноён Танака Шин Ичи- болон тус байгууллагатай нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтад ноён Танака Шин Ичи-г дагалдан тус байгууллагын төлөөлөгчийн газрын дарга асан хатагтай Тамура Эрико, нийгмийн салбарын асуудал хариуцсан ажилтан хатагтай Фужита Эри нар оролцов.

Энэ үеэр хатагтай Тамура Эрико 2018 оноос хойш хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хэрэгжүүлсэн томоохон ажлууд, төсөл, хөтөлбөрүүдийн хамрах хүрээ, үр дүнг товч дүгнэн сэтгэгдлээ хуваалцлаа. Тухайлбал, 2019 оны 7 дугаар сард зохиогдсон Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамт олонд түшиглэн хамруулах хөгжүүлэх нь сэдэвт Ази, Номхон Далайн Бүсийн 4 дүгээр Чуулганыг Монгол Улс анх удаа амжилттай зохион байгуулсан. Энэ арга хэмжээнд ЖАЙКА байгууллагаас олон хэлбэрээр дэмжиж оролцсонг цохон тэмдэглэлээ. Мөн 2019 онд хэрэгжүүлсэн Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн оролцоог хангах төслийн хүрээнд сургагч багш бэлтгэх, нийгмийн хамгаалал, даатгалын асуудлаарх тайлбар боть хэвлүүлэх, Чуулганы бэлтгэл ажлууд болох чиглүүлэгч, сэтгүүлчид, сайн дурын ажилтнуудад цуврал сургалт явуулах зэрэг ажлуудыг зохион байгуулж энэ салбарын чадавхийг бэхжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсан талаар дурдлаа. Одоогоор хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийг тус яамтай хамтран хэрэгжүүлж байна.

Мөн уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Дамбий, Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир, Гадаад хамтын ажиллагаа, олон нийт хариуцсан хэлтсийн дарга З.Хүслэн нар оролцлоо.

Дээш