Тогтоолд нэмэлт оруулах тухай тогтоолын төсөлд санал авч байна.

Төсөл

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

 

 

20.. оны ... сарын ... өдөр                          Дугаар ....                  Төрийн ордон, Улаанбаатар хот

 

 

 

ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 

            Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

 

            1 дүгээр зүйл. "Төрөөс олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай" Улсын Их Хурлын 2008 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 33 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн "...ардын цолтон" гэсний дараа "..., ахмад дайчин, дайнд оролцож яваад амь үрэгдсэн иргэний эхнэр /нөхөр/" гэж, "...гавьяат цолтон" гэсний дараа "..., Монгол Улсын төрийн шагналт, төрийн соёрхолт, Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж, баталсан /1990-1992 он/ Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн" гэж тус тус нэмсүгэй.

 

            2 дугаар зүйл. Энэ тогтоолыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

 

 

 

 

 

                                                                        ГАРЫН ҮСЭГ

 

Тогтоолд нэмэлт оруулах тухай тогтоолын төслийн тухай

 

Улс эх орноо хөгжүүлэх, бүтээн байгуулах үйлсэд гарамгай хувь нэмэр оруулсан ахмадуудын алдар гавьяаг үнэлэн төрөөс үзүүлж байгаа хүндэтгэл, тусламжийг нийгмийн халамжаас зааглах шаардлагаар Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай болон Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулиар зохицуулж байсан алдар цолтой ахмадуудад чиглэсэн арга хэмжээг нэгтгэж Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийг Улсын Их Хурал 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталсан.

 

Энэ хууль батлагдахаас өмнө Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хуульд заасан алдар цолтон ахмад настанд олгох нэмэгдлийн хэмжээг Улсын Их хурлын 2008 оны 33 дугаар тогтоол, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд заасан алдар цолтон ахмад настанд сар бүр олгох мөнгөн тусламжийн хэмжээг Засгийн газрын 2012 оны 136 дугаар тогтоолоор тус тус баталж, хэрэгжүүлж байсан. 

 

Харин Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хууль батлагдсанаар тэдгээр алдар цолтонд сар бүр олгох нэмэгдлийн хэмжээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтоохоор хуульчилсан.

 

Иймд энэ хуульд нийцүүлэн Засгийн газрын 2012 оны 136 дугаар тогтоолоор мөнгөн тусламжийн хэмжээг тогтоосон алдар цолтон болон хуульд шинээр нэмэгдсэн Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж, баталсан /1990-1992 он/ Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүдийг Улсын Их Хурлын 2008 оны 33 дугаар тогтоолд нэмж тусгах шаардлагатай байгаа тул Тогтоолд нэмэлт оруулах тухай тогтоолын төслийг боловсруулах юм.

 

Тогтоолын төсөлд сар бүр мөнгөн тусламж авч байсан ахмад дайчин, дайнд оролцож яваад амь үрэгдсэн иргэний эхнэр /нөхөр/-т сар бүр 200.0 мянган төгрөг, Монгол Улсын төрийн шагналт, төрийн соёрхолт, Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн болон Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж, баталсан /1990-1992 он/ Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүдэд сар бүр 150.0 мянган төгрөгийн нэмэгдэл олгох асуудлыг тусгана.   

 

Энэ тогтоол батлагдсанаар дээрх алдар цолтон ахмад настнуудад олгох мөнгөн тусламжийн хэмжээ буурахгүй, одоогийн сар бүр авч байгаатай ижил хэмжээгээр авах тул төсөвт нэмэлт хөрөнгө шаардагдахгүй юм.

 

Харин Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуульд 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлэхээр заасан Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж, баталсан /1990-1992 он/ Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүдэд сар бүр олгох нэмэгдэлд шаардагдах 428.4 сая төгрөгийг 2018 оны төсөвт тусган батласан болно.

                                   

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ

Дээш