Сайн дурын ажлыг бүртгэх, баталгаажуулах журмыг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг байгуулж сайн дурынхны сүлжээний төлөөллийг оролцуулна
Залуучуудын оролцоо, хөгжлийг дэмжих төр, иргэний нийгэм, олон улсын байгууллагын төлөөллийн гурван талт уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа оролцож хэрхэн хамтын ажиллагаагаа сайжруулах талаар санал солилцов.
Өнөөдрийн уулзалт, хэлэлцүүлгээр залуучуудын хөгжлийг дэмжих арга хэмжээ, үйлчилгээнд залуучуудын иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж буй байдал, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцсэн. Мөн залуучуудын иргэний нийгмийн байгууллагын зүгээс Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн түргэвчилсэн үнэлгээний дүгнэлтийг танилцууллаа.
Гурван талт уулзалтын үр дүнд сайн дурын ажлыг бүртгэх, баталгаажуулах журмыг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг байгуулах, үүнд залуучуудын иргэний нийгмийн байгууллагууд, сайн дурынхны сүлжээний төлөөллийг ажиллуулахаар болов.
Мөн гурвалсан уулзалтыг цаашид тогтмолжуулах, ингэхдээ улирал тутам хийх ажлыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зохион байгуулахаар боллоо.
Уулзалтад Монголын залуучуудын эвсэл, Монголын залуучуудын холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн залуучуудын хороо, Монголын сурагчдын холбоо, Монголын сайн дурынхны төв зэрэг залуучуудын иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцов.