Т.Урантөгс: Бие даан амьдарч, нийгмийн харилцаанд оролцохдоо хувийн туслахаасаа дэмжлэг авдаг

uploaded pictureuploaded pictureХөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгардаг нийгмийн асуудал болон харилцаа, сэтгэл зүйн нөхцөл байдлыг хүн бүр нарийн ойлгож, мэдэрдэггүй. Энэ утгаараа хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд хүссэнээрээ оролцож чадахгүйд хүрдэг. ДЭМБ-ын мэдээллээр дэлхийн хүн амын 15 орчим хувь нь бие махбодын хөгжлийн ямар нэгэн бэрхшээлтэй бол манай улсын хувьд энэ тоо 108 мянгыг давдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний олонх нь нийгмээс “тусгаарлагдан” амьдарч, эрх нь зөрчигдөж байна. Бүгдэд хүртээмжтэй, тэгш оролцоотой нийгэм бий болгоход хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс гадна гэр бүл, орчин тойрныхон, анги хамт олон, найз нөхөд гээд бид бүгдийн оролцоо чухал. Энэ бол зөвхөн тэдэнд хамаатай асуудал биш. Өвчин, осол зэрэг гэнэтийн, урьдчилан таах аргагүй шалтгааны улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэдийн хувьд нийгмийн харилцаанаас гадна сэтгэл зүйн асуудалтай илүүтэй тулгардаг болохыг олон орны судлаач, эмч, эрдэмтэд тогтоосон байдаг. Тэд хөгжлийн бэрхшээлтэй болохоос өмнөх ба дараах нөхцөл байдлаа харьцуулсны улмаас олон асуудалтай тулгардаг байна. Тэдний гэр бүлийнхний хувьд ч ийм бэрхшээлтэй тулгарч, заримдаа үл ойлголцолд хүрдэг аж.

Хавдрын мэс заслын дараа буюу өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон Т.Урантөгс хэмээх бүсгүйтэй үүний хүрээнд ярилцсан юм. Тэрбээр хэдийгээр хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй ч өөрийгөө дахин “төрүүлж” чадсан. Цаашлаад өөртэйгөө адилхан асуудалтай тулгарсан хүмүүст тусалж, нийгэмшихэд нь дэмжлэг үзүүлэхийн төлөө ажилладаг. Т.Урантөгс “Түгээмэл хөгжил төв”-ийн Бие даан амьдрах хөтөлбөрийн менежер бөгөөд хувийн туслахын зохицуулагчийн үүргийг давхар гүйцэтгэдэг. Тэрбээр 2019 онд “Тэргэнцэртэй сайхан бүсгүйн үндэсний уралдаан-2”-д оролцож, олны таашаалд нийцсэн сайхан бүсгүйгээр шалгарсан юм билээ.

-Хөгжлийн бэрхшээлтэй, ялангуяа өвчний улмаас болон ослын дараа ийм шалтгаантай болсон иргэдэд бие, сэтгэл зүйн цөөнгүй хүндрэл учирч, хэрхэхээ мэдэхгүй тулгамдах нь бий. Таны хувьд ямар бэрхшээлүүдтэй тулгарч байв?

-Би есөн жилийн өмнө 27 насандаа хүзүүний нугас дарсан хавдрын хагалгаанд орсон. Үүнээс өмнө БНСУ-д дөрвөн жил сурч, ажилласан. Тэнд байхдаа хүүхэдтэй болж, эх орондоо, ээжийнхээ дэргэд амаржихаар Монголдоо ирсэн. Гэтэл хүүхдээ төрүүлснээс хойш бие минь өвдөж эхэлсэн. Хөл, гар өвдөж шөнө ч унтаж чадахгүй болсон. Тэгээд бариа засал хийлгэж, эмэгтэйчүүд болон дотрын эмчид үзүүлсэн ч өвдөлт намдаагүй. Ингээд MRI зураг авхуулаад, есөн сарын дараа хавдартай гэж оношлогдсон. Хүү минь есөн сартай байсан үе, 2013 оны дөрөвдүгээр сарын 26-нд “Сонгдо” эмнэлэгт яаралтай хагалгаанд орсон юм. Мэс заслын өмнө эмч “Энэ бол 100 хувийн найдвартай хагалгаа. Санаа битгий зовоорой” гэж хэлэхэд нь итгэсэн. Харамсалтай нь, хагалгааны дараа эгэмнээс доош мэдээгүй болсон. Эхэндээ би “Наркоз гарахгүй удаж байгаа юм болов уу” гэж бодсон ч удалгүй үнэнтэй нүүр тулж, дөрвөн мөч минь хөдлөхгүй байгааг мэдсэн. Ингээд “Эдгэрнэ, хөл дээрээ босно” гэж найдаж, аль сайн гэсэн эмнэлэгт хандаж, эмчилгээ хийлгэсээр гурван жилийг үдлээ. БНСУ-д нөхөртэйгөө хамт ажиллаж, хураасан мөнгөөрөө авсан орон байраа зарж, эмчилгээний төлбөрт зарцуулсан. Босож л байвал дараа нь болно гэж итгэсэн. Бариа засал ч хийлгэсэн, бас бөө, ламд ч очлоо. Ингээд хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй болсонтойгоо эвлэрэхээс өөр зам үлдээгүй. Энд нэг зүйл онцлоход, тухайн үед хөдөлгөөн засал уйгагүй хийсний үр дүнд хөлийн булчин минь хатангиршаагүй юм болов уу гэж боддог. Хагалгаанаас хойш нэг жил гаруйн дараа нөхөр минь орхиод явсан. Удалгүй эмээ минь бурхан боллоо. Юм юм л давхацсан. Хоёр настай хүүтэйгээ үлдсэн, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй залуу эмэгтэйн шаналал, бодох зүйл их юм билээ. Үнэхээр хэцүү санагдаж, ерөөсөө л “явчихъя” гэж бодоод эм ууж ч үзсэн. Одоо бодоход мөн ч тэнэг үйлдэл шүү. “Хэрэв тэр үед би байхгүй болчихсон бол өнөөдөр хүүгийнхээ сайн сайхан явааг харж чадахгүй байсан” гэж бодохоор айдаг. Хүү минь одоо 10 нас хүрч байна, таеквондогоор хичээллэдэг, найман настайдаа спортын мастер болсон.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдралд тулгардаг хэцүү бэрх асуудал зөндөө. Хэдийгээр гэртээ ээж, эгч, ах, дүүгээрээ асруулж, туслуулдаг ч 100 хувь өөрийнхөөрөө байж чадахгүйд хүрдэг. Жишээ нь, ээжийн минь нуруу өвдчихвөл надад тусалж чадахгүй. Тэгэхээр би өөрийгөө нэгдүгээрт тавих боломжгүй. Эгч минь ирэх ёстой ч ар гэрт нь ажил гарч, хүүхэд нь өвдвөл миний асуудал хойш тавигдана. Гарч, ормоор байвч энэ мэтээр нэгнийгээ бодоод хойшлуулна. Мөн ар гэрийнхэн минь ч өөртөө гаргах цаг зав нь хумигдахаас гадна санхүүгийн хувьд орлогогүй болдог. Тийм учраас хүмүүсийн завтай үеэр л гадуур гарах жишээтэй. Мөн найз нартайгаа уулзахдаа ээж, эгч, дүүгээ дагуулаад явахаар өөрийнхөөрөө байж чадахгүй. Ер нь өвдөж, ядрахаар найз нөхөд ч холддог юм билээ. Ёстой л элс шиг нь салаагаар урсаж, чулуу шиг нь атганд үлддэг гэж үнэн. Одоо надад багын ганц найз минь үлдсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс энэ мэтээр өдөр бүр л асуудалтай тулгардаг. Гэхдээ тулгарсан бэрхшээлийг давчихвал ирээдүйд инээх, баярлах өдрүүд ирдгийг мэдэрсэн хүний хувьд хэлэхэд даван туулах нь л чухал. Эхэндээ давж чадахгүй мэт санагддаг. Тухайн үед огцом шийдвэр гаргалгүй эргэцүүлж, ахин дахин бодох хэрэгтэй. Миний хувьд эхний дөрвөн жилд маш их шаналж, сэтгэлээр унаж, хэцүү байсан. Өөр нэг чухал зүйл гэвэл өөрийгөө тогтмол хөгжүүлэх ёстой. Бэрхшээгээд л байвал юу ч хийж чадахгүй. Жишээ нь, манайх орон сууцын тавдугаар давхарт амьдардаг. Би өдөр бүр ажилдаа явах, харихдаа заавал хэн нэгний тусламжтайгаар шатаар өгсөж, урууддаг. Ялангуяа орой гэртээ орохдоо гадаа явж байгаа хүмүүсээс тусламж хүсдэг. Монголчууд минь элгэмсэг болохоор таньдаг, танихгүй хамаагүй цааргалахгүй тусалдаг юм. Заримдаа тэр хавиар хүн явахгүй бол 10, 20 минут хүлээдэг. Хүмүүс надаас “Ингэж явах хэцүү биш үү” гэж асуудаг. Миний зорилгын хажууд таван давхар луу өгсөж, уруудах нь юу ч биш. Энэ бол асуудал биш. Үүнээс шантраад гэрээсээ гарахгүй, өөрийгөө хөгжүүлэхгүй байж чадахгүй. Өөрийгөө хөгжүүлж, нийгэмшинэ гэдэг нь товчхондоо бол бэрхшээлийг даван туулж байгаа нэг хэлбэр гэж боддог. Би “Түгээмэл хөгжил төв”-ийн хамт олондоо үргэлж талархдаг. Мөн гэр бүлийнхэндээ туйлын их баярладаг. Хамт олон, гэр бүл гээд дэмждэг хүмүүс байхад хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөгжиж, нийгэмшиж чаддаг юм билээ.

-Та “Эхний дөрвөн жилд сэтгэл зүйн хувьд хамгийн хүнд үе байсан” гэлээ. Тэр үед гэр бүлийнхний тань ямар дэмжлэг хамгийн чухал байсан бол?

-Би ээж, ааваас тавуулаа. Айлын дөрөв дэх хүүхэд. Хөгжлийн бэрхшээлтэй болоод удаагүй, хэцүү цаг үеүдэд гэр бүлийнхэн, ээж минь, эгч, хүргэн ах, бэр эгч, бэр дүү гээд бүгд дэмжсэнд үргэлж талархдаг. Хагалгааны дараа олон эмчид хандаж үзсэн. Эмч нар ээжид минь “Охин чинь босно, эдгэрнэ” л гэнэ. Би өөрөө ч үүнд итгэж дасгал, хөдөлгөөн уйгагүй хийсэн. Гэрийнхэн минь өглөө болгон ажилдаа явж байгаа юм шиг л намайг түрээд эмнэлэгт аваачиж, хөдөлгөөн засал, дасгал хийлгэнэ. Орой аваад гэртээ харина. Ганц намайг биш, хүүг минь ч цэцэрлэгт нь хүргэж өгч, авна. Миний дуртай хоолыг хийж өгч, хүссэнийг минь гүйцэлдүүлж, сэтгэлээр дэмжиж ирсэн. Заримдаа хөл, гар минь бадайрахаар “Мэдээ орж эхэлж байгаа юм болов уу” гээд бид их баярладаг байж билээ. Гадаадаас эмч нар ирлээ гэж сонсвол намайг заавал үзүүлнэ. Тэд харин “Хөл дээрээ босохгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь бүгдээрээ сэтгэлээр унана. Тэд минь ядарсан ч зүтгэсээр байсан. Энэ бол асар том дэмжлэг. Ээж хүн бол ёстой л “Үхтэл үр харам” гэдэг үнэн. Би хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй ч өдий хүртэл цооролт, хүндрэлгүй байгаа нь манай гэр бүлийнхний уйгагүй арчилгааны үр дүн. Тулгуур эрхтний хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүмүүс цооролт өвчин, түүний хүндрэлийн улмаас нас барах тохиолдол цөөнгүй байдаг.

-Гэнэтийн шалтгаанаар хөгжлийн бэрхшээлтэй болсон хүмүүс сэтгэл зүйн янз бүрийн асуудалтай тулгарч, түүнийгээ хэнтэй хуваалцах, хаана хандаж тусламж, үйлчилгээ авахаа мэдэхгүй, ийм шалтгаанаас болж гэртээ өөрийгөө “түгждэг”, хорвоог орхихыг хүсдэг гэхчлэн олон асуудалтай тулгардаг. Өндөр хөгжилтэй орнуудад энэ талаар дагнасан сэтгэлзүйч бэлтгэдэг, тусламж, үйлчилгээний хүртээмж ч сайн байдаг юм билээ. Монголд энэ чиглэлийн мэргэжилтэн байна уу. Та энэ асуудлаа хэрхэн даван туулсан бэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгардаг хамгийн том асуудал бол сэтгэл зүйн эрүүл мэнд. Үүнийг дэлхийн олон оронд анхаарч, шийдвэрлэдэг болоод багагүй хугацаа өнгөрсөн ч манайд бол шинэ тутамд байгаа. Миний хувьд хүнд хэцүү үеүдэд ээжтэйгээ, эгчтэйгээ ярилцдаг байсан. Хэдийгээр төрсөн эгч, ах, дүү, ээж ч гэсэн заримдаа “цаана” байгаагаа илэн далангүй ярьж чаддаггүй тохиолдол гарна. Энэ бол зөвхөн надад тохиолдсон асуудал биш л дээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд түгээмэл тулгамддаг ийм асуудлыг гадаадын улсуудад зөвлөгөө, зөвлөлдөөний үйлчилгээгээр ( Peer counseling) шийдэж иржээ. Тодруулбал, ижил бэрхшээлтэй хүмүүс хоорондоо ярилцаж, нэгнээсээ зөвлөгөө авч, туршлага судална гэсэн үг. Өвчин, ослын улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон хүмүүс амьдралтай дахин танилцаж, “шинэ” хүн болж байгаагаас ялгаагүй. Тиймээс өөрт нь тулгарсан асуудлуудтай хэдийн “танилцчихсан”, бэрхшээл, хүндрэлүүдийг даван туулаад, шийдээд явж буй хэн нэгнээс зөвлөгөө авахын давуу тал олон. Байнга сэтгэлзүйчид хандах санхүүгийн боломж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бараг байхгүй. Харин зөвлөлдөх үйлчилгээ үүнийг шийдэж байна. Мөн ямар гуурсыг яаж хэрэглэх, өөрт тохирсон тэргэнцрийг хэрхэн сонгох гэхчлэн өдөр тутмын асуудлаас гадна сэтгэл зүйд тулгамдсан зүйлээ нуулгүй ярилцах нь маш чухал. Ингэхдээ тодорхой сэдвийн хүрээнд, тогтоосон хугацаанд, нууцыг чанд хадгална зэргээр заасан дүрмийн дагуу ярилцдаг. Тэгж байж ярилцагч хоёр дотроо уудалж, сэтгэлийн бөглөөгөө чөлөөлнө. Ингэж илэн далангүй ярилцахад хүний сэтгэл санаа илт сайжирдаг. Ярилцлагыг ганцаарчилсан болон бүлгийн гэж ангилдаг. Жишээ нь, өөрт тулгамдаж буй асуудлуудынхаа тухай, эсвэл гэр бүлд нь учирч байгаа хүндрэл бэрхшээлийнхээ талаар яриа өрнүүлж болно. Мөн дандаа хүнд сэдвээр бус, зорилго, мөрөөдлийн талаар гэхчлэн нэг удаа тухайлсан сэдвээрээ л ярилцах журамтай. Ийм үйлчилгээг бид нэвтрүүлээд явж байна. Би хүнд хэцүү цаг үедээ “Түгээмэл хөгжил төв”-д ирж ийм ярилцлага хийдэг байсан. Одоо өөрөө энэ байгууллагад ажиллаж байгаагаараа бахархаж, баярладаг.

-Та энэ байгууллагатай анх хэрхэн холбогдсон бэ. Хамт олныхоо талаар товчхон танилцуулна уу?

-Түрүүн хэлсэнчлэн, болчимгүй зүйл хийснийхээ дараа би нэлээд “хатуу” болж, цаашид юу хийж, яаж амьдрах талаараа бодож, мэдээлэл авахыг хичээх болсон. Тэгж байтал 2017 онд “Түгээмэл хөгжил төв”, “Канад” сантай хамтран хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 10 эмэгтэйг нийгэмшүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх талаар сонсоод, зориод очсон. Ярилцлагад орчихоод гарч явахдаа оффист ажиллаж байгаа хүмүүсийг ажиглахад зарим нь надтай адил хүзүүний гэмтэлтэй харагдсан. Гар нь атгагдахгүй андашгүй л дээ. Ингээд гэртээ хариад ээждээ хэллээ. “Надтай адилхан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нөтбүүк дээр юм бичээд, ажил хийж байна. Боломж байдаг юм байна. Охин нь ажил хийнэ, чадна” гэсэн. Тус төвийн тэргүүн байсан Ч.Ундрахбаяр ах удалгүй надад ажлын санал тавихад үнэхээр баярлаж билээ. Ингэж 2018 оноос энэ байгууллагын ажилтан болж, өнөөдрийг хүртэл хөгжиж, сурч мэдэж, хамт олонтойгоо бужигнаж явна.

“Түгээмэл хөгжил төв” ТББ-д хөгжлийн бэрхшээлтэй 12, үндсэн туслах дөрөв, нягтлан бодогч нэг, цагийн туслах ажилтан 20 гаруй оюутан залуус ажилладаг. 160 орчим гишүүнтэй манай байгууллагынхан гурван хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Тодруулбал, боловсролын болон нийгмийн оролцооны хөтөлбөр буюу гишүүд рүүгээ чиглэсэн сургалт явуулж, тэмдэглэлт өдрүүдийг хамтдаа өнгөрүүлэх зэргээр оролцоо, хүртээмжтэй байж нийгэмшихэд тустай үйл ажиллагаанууд юм. Гурав дахь нь бие даан амьдрах хөтөлбөр. Үүний дотор хувийн туслахын үйлчилгээ болон зөвлөгөө, зөвлөлдөөн гээд олон чиглэлтэй үйл ажиллагаа багтдаг. Хувийн туслахын үйлчилгээний чиглэлээр сургалт зохион байгуулж, чадавхжуулах ажлууд хийдэг. Миний хувьд менежерээс гадна эл хөтөлбөрийн зохицуулагч. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хувийн туслах хоёрыг холбож өгөх үүрэгтэй гэсэн үг.

-Хувийн туслах ямар чиг, үүрэгтэй вэ. Ийм тусламж, үйлчилгээ авахын давуу талыг тодруулаач. Хувийн туслахын үйлчилгээ авахын тулд аль байгууллагад хандах вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бие даан амьдарч, нийгмийн харилцаанд оролцоход нь тусалдаг ажилтан. Хувийн туслахыг гэр бүл, асран хамгаалагчдаас нь дутахгүй чухал, итгэмжлэгдсэн хүн гэж болно. Тодруулбал, хувцас өмсүүлэхээс эхлээд ажилдаа явах, харих гээд өдөр тутмын үйлдэл, ажлыг хийлцдэг. Тэд тухайн хүнийхээ хувийн нууцыг чандлан хадгалах үүрэгтэй, итгэмжлэгдсэн нэгэн байдаг. Жишээ нь, өнөөдөр Урантөгс нийгэмд идэвхтэй оролцож, амжилттай яваагийн бас нэгэн тулгуур нь хувийн туслах гэж боддог. Түүнчлэн ийм ажилтантай болсноор хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй гэр бүлд маш чухал, том давуу тал бий болдог. Байнгын асаргаа шаарддаг хөгжлийн бэрхшээлтэй хүнээ гэр бүлийнхний нэг нь гэртээ асардаг тул ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байдаг. Тэгвэл хувийн туслах ажилтантай бол тухайн асран хамгаалагч ажил хийж, гэр бүлийн орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Нуулгүй хэлэхэд, хүнд хэлбэрийн, байнгын асаргаа шаарддаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээж нар өөрийгөө бүр “хаячихдаг”. 10, 20 жил хүүхдээ асран хамгаалж, хөдөлмөр эрхлэх боломжгүй явсаар тэтгэврийн насанд хүрчихээд “Одоо яах билээ” гэсэн асуулттай тулгарч байна. Энэ мэт олон асуудал, бэрхшээлтэй бид тулгарсан. Тэгэхээр хувийн туслахын үйлчилгээ бол зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бус, тэдний гэр бүл, асран хамгаалагчдын тулгамдсан асуудлыг шийдэхэд тустай гэж харж байгаа.

Хувийн туслах ажилтныг яаж авах, хэн хаанаас хэрхэн томилдог вэ гэж хүмүүс их асуудаг. Энэ чиглэлийн үйлчилгээ Монголд шинэ зүйл бөгөөд нэвтрүүлэхээр туршиж байна. Нэг зүйлийг онцлон хэлэхэд, зарим хүн хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувийн туслахыг гэрийн үйлчлэгч мэтээр ойлгож хандах нь ажиглагддаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний чадахгүй үйлдэлд туслах үүрэгтэй болохоос биш, тэр айлын хоолыг хийж, гэр цэвэрлэх, хүүхдийнх нь хичээлийг давтуулах гэхчлэн ахуйн ажлууд хувийн туслахын хөдөлмөрийн хуваарьт байхгүй, байх ч ёсгүй. Гэрээнд ч тийм зүйл тусгадаггүй. Тиймээс бид сууриа анхнаас нь зөв тавихаар хичээж, чиглүүлж байна. ХНХЯ, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтраад бид 2021 оны арваннэгдүгээр сараас энэ оны нэгдүгээр сар хүртэл “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хөдөлмөрт бэлтгэх чиглэлээр судалгаа хийх, хувийн туслах бэлтгэх сургалт зохион байгуулах, зөвлөгөө мэдээлэл өгөх төсөл”-өө туршилтын журмаар хэрэгжүүллээ. Амжилттай болж өндөрлөсөн уг төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй 35 хүн энэ чиглэлийн туслах үйлчилгээ авсан. Үүний тулд 100 гаруй хүнийг хувийн туслахын чиглэлээр сургаж, бэлтгэсэн байна. Хэрэв хувийн туслахын үйлчилгээ авахыг хүсвэл манай байгууллагад хандаж болно. “Түгээмэл хөгжил төв”-ийн цахим хуудсаар дамжуулан харилцаж, мэдээлэл авах боломжтой. Үүний зэрэгцээ хувийн туслах ажилтан болох хүсэлтэй иргэд байвал манай сургалт хэзээд нээлттэй. Энэ төрлийн төслөө бид цаашид үргэлжлүүлж, орон даяар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнийг холбогдох байгууллагууд хамтран хэрэгжүүлэх байх гэж найдаж байгаа. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүлд ирэх ачаалал, дарамт багасахын зэрэгцээ тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих том хөшүүрэг болох юм.

Өнгөрсөн хэдэн сарын хугацаанд хэрэгжүүлсэн туршилтын төслийн явцад хуримтлуулсан туршлага, ажигласан зүйл гэвэл хөгжлийн бэрхшээлээр нь нарийн ангилаад, хувийн туслахын үйлчилгээнд хамруулах журам боловсруулах шаардлагатай гэж бодсон. БНСУ, Япон зэрэг улсад ингэж ангилдаг бөгөөд над шиг хүзүүний гэмтэлтэй хүн 24 цагийн турш хувийн туслахын үйлчилгээнд хамрагддаг байх жишээтэй. Бид эл төслийнхөө талаар энэ сарын сүүлчээр холбогдох албаны хүмүүсийг оролцуулсан дугуй ширээний хэлэлцүүлэг хийхээр төлөвлөсөн.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүн танай төвийн гишүүнчлэлд хамрагдахад ямар шаардлага тавьдаг вэ. Ямар ч хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүн байж болох уу?

-18-аас дээш настай байх ёстой. Бие даан шийдвэр гаргах гэдэг утгаараа. Ер нь 18 нас хүрээгүй ч манайд хамрагдахыг хүсэх нь бий. Тухайн иргэн өөрөө хүсвэл ирээд бүртгүүлэхэд л болно. Бид байнга холбоотой ажиллаж, мэдээллүүдээ солилцоод явдаг. Манай гишүүдийн олонх нь тулгуур эрхтний хөгжлийн бэрхшээлтэй. Гэхдээ хараа болон сонсголын бэрхшээлтэйгээс бусад тохиолдолд манайд хандах боломжтой. Энэ төрлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, төв нь тусдаа байдаг. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхийн холбоо гэж бий.

Эх сурвалж: Өнөөдөр сонин 2022.03.16

Ж.Эрдэнэцэцэг

Дээш