Боломж бий болгосон тоглоомууд

Аливаа бизнес, баялаг бүтээгч, үйлдвэрлэгчдийн амжилтын түүх гэхээр хүмүүсийн сэтгэлд юуны түрүүнд нэр алдартай компани, бизнесмен, ажил олгогч, олны танил нэгний дүр буух нь түгээмэл. Эсвэл олон нийтэд танигдаж яваа гарааны бизнес эрхлэгч, ажил хөдөлмөр, сайн үйлсээрээ нийгэмд байр сууриа эзэлсэн нэгний тухай ойлголт мэт хүлээн авах нь бий. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэрхэн баялаг бүтээгч болж, өөрийгөө болон өрөөлийг ажилтай, орлоготой байлгаж, нийгэмд тодорхой байр суурь эзэлж буй талаар тэр бүр ярьдаггүй. Энэ удаагийн сурвалжилгын эзэн маань жирийн нэгэн бус, жинхэнэ баатар эмэгтэй. Тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй, тэр дундаа тархины саажилт зэрэг хүнд өвчтэй хүүхэдтэй ээжүүдийг нэгтгэн, зөөлөн тоглоомын үйлдвэр байгуулж, тогтмол ажил, орлоготой байлгахын зэрэгцээ тэдний нийгмийн асуудлыг бага багаар шийдэж, ачаанаас нь үүрэлцэж яваа бүсгүй юм.

Түүнийг Т.Туяажаргал гэдэг. Байнгын асаргаа шаарддаг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлд олон асуудал тулгардаг. Тэдгээрийн нэг бол гэр бүлээс хэн нэг нь гэртээ байж хүүхдээ тогтмол асрах бөгөөд үүний улмаас ажил хийх боломж хомс болдог. Улмаар энэ нь санхүүгийн бэрхшээлтэй байнга тулгарах том шалтгаан болдог. Өрх толгойлсон ээж, аав нарын хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй бол ёстой л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэгтэй утга нэг. Тэгвэл Т.Туяажаргалтай хамтран зөөлөн тоглоом хийж, энэ чиглэлийн бизнесийг хөгжүүлж буй иргэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харангаа ажиллах боломжтой гэдгээрээ ижил төстэй үйлдвэрлэл эрхлэгчдээс давуу талтай буюу том ялгаатай.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг өөр шигээ ээжүүдэд дэм болох зорилго, хүсэлдээ хөтлөгдөж 2011 онд өрхийн үйлдвэрлэлийн хэмжээнд эхлүүлж байсан Т.Туяажаргалын санаачилга өнөөдөр зөөлөн тоглоомын үйлдвэр болон өргөжжээ. Түүний болон хамт олных нь зүтгэл, сэтгэлээр хөгжиж, өдгөө ажил нь харьцангуй жигдэрч, тэр хэрээр хүмүүст танигдсан “Ханни” хэмээх нэртэй тоглоомын үйлдвэртэй танилцахаар “Вива сити” хорооллыг зорив. Нийт 210 ам метр талбай бүхий үйлдвэрлэлийн байр нь эсгүүр, тоног төхөөрөмжийн болон оёдлын гэсэн үндсэн хоёр хэсэгтэй юм байна. “MCS еstates” компани 2018 оноос эднийхтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд түрээсийн төлбөргүйгээр “Вива сити” хорооллын эл байрыг ашиглуулж байгаа гэсэн. Энэ мэтээр үндэсний томоохон үйлдвэрлэгч өрхийн үйлдвэрлэгчдийг, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмждэг, Т.Туяажаргал шиг буянтай хүмүүст гараа сунгадаг сайхан жишиг тогтвол мөн ч хэрэгтэй санагдлаа.

Үйлдвэрт оронгуут үүдний хэсэгт овоолсон бэлэн бүтээгдэхүүнүүд харагдав. Энэ бол “эзнээ” хүлээсэн хөөрхөн тоглоомууд. Хэдэн сарын турш үйлдвэрлэл явуулаагүй учраас өрөөнүүд эл хуль. Цар тахлаас өмнө энд өдөр бүр оёдлын машин, тоног төхөөрөмжүүдийн дуу хангинаж байж. Харин “Ковид-19”-ийн улмаас “Ханни” сүүлийн хэдэн сарын хугацаанд үйлдвэрлэлээ түр зогсоожээ. Үүссэн нөхцөл байдлаас болж багагүй саад бэрхшээлтэй тулгарч байгаа талаараа Т.Туяажаргал ярилаа. Хөл хорио, хил, гаалийн асуудал, ачаа тээш гацаж, удааширч байгаа, үнийн өсөлт гэхчлэн монголчуудад, бизнес эрхлэгчдэд тулгарч буй асуудлууд ч “Энэрэл” хүүхэд хөгжлийн төв болон түүнийг хөдөлгөгч, санхүүгийн гол эх үүсвэр болох “Ханни” тоглоомын үйлдвэрлэлийг тойрсонгүй. Бараа, материалгүй болсон учраас одоогоор түр зогссон ч удахгүй оёдлын, эсгэгч машинуудын дуу хадаж, хөөрхөн тоглоомууд нэг, хоёроор амилан, улмаар “Энэрэл” төв ч хүүхдүүдээ авч эхлэх нь дамжиггүй. Т.Туяажаргал болон зарим ажилтан нь үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бэлтгэж, үйлдвэрийн байраа эргэн, цэвэрлэж байгаатай таарсан юм. “Ханни”-гийн ээжүүд янз бүрийн зөөлөн тоглоомууд урлахын зэрэгцээ амны хаалт, бээлий, түлхүүрийн оосор болон төрөл бүрийн гар эсгүүр хийдэг юм байна. Тоглоомууд хэд хэдэн шат дамжиж, хүүхдүүдийн төлөө гэсэн чин сэтгэлтэй ажилчдын гар, зүрхнээс төрдөг бөгөөд нэгийг хийхэд багадаа дөрвөн хүн оролцож бүтээдэг гэсэн.

Хаанаас нь ч харсан чанартай, өхөөрдөм тоглоомууд хийх болсон ажлынх нь гарааны талаар асуухад Т.Туяажаргал “Өөртэйгөө жаргал, зовлон нэгтэй эцэг, эхчүүдтэй хамтран 2009 онд “Ээлтэй ертөнц” төрийн бус байгууллага байгуулсан. Бидний үйл ажиллагаа ашгийн бус. Тухайн үед хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон асран хамгаалагчдад олон асуудал тулгарч байсан. Тэдгээрийн нэг нь хүүхдээ хамруулах боловсролын үйлчилгээний хүртээмж. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүддээ хамруулах зорилгоор цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэн. Энэ чиглэлээр бараг анхны гэж болох, тэгш хамрагдах ангийг 187 дугаар цэцэрлэгт байгуулж, хүүхдүүддээ үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг зориулалтын дагуу бүрдүүлж байлаа. Тэгээд хүүхдээ байнга асардаг учраас ажил хийх боломжгүй аав, ээж нарыг “Яаж орлоготой болгох вэ” гэж судалж эхэлсэн. Гар урлал хийдэг хүн олон байсан. Удалгүй зөөлөн тоглоом хийх захиалга авснаар энэ үйлдвэрлэлээ 2011 онд эхлүүллээ. Олон хүн нэгдсэн, хамтарсан. Хүн орлоготой болоод эхлэхээр хүүхдээ хөгжүүлэх, тэдэндээ зарцуулахаа л бодно шүү дээ. Ингэж л эхэлж байлаа. Тэр үеэс бид хүүхэд хөгжүүлэх төв байгуулахыг хүсэж, мөрөөдөх болсон юм. Ингэж явсаар 2018 онд “Энэрэл” төвөө байгуулан, дэргэдээ үйлдвэрлэлээ явуулан, мөрөөдлөө ажил болгож чадсан. Олон хүний дэмжлэгээр бид өдий хүрсэн. Заримыг нь онцлоход, “Өгөх өдөр” ТББ байна. “Лантуун дохио”-гийн залуус бүтээгдэхүүнийг маань сурталчилж, биднийг нэг хэсэг “унаганы ээжүүд” гэдэг байлаа. “MCS еstates” компанийнханд үнэхээр талархдаг. Тэд маш олон хүүхдэд, тэдний гэр бүл, асран хамгаалагчдад итгэл, найдвар өгдөг юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харангаа аав, ээжүүд маань үйлдвэрт ажилладаг болсон нь Монголдоо зөөлөн тоглоомын үйлдвэрлэлийг хөгжүүлэх эхлэл гэж боддог. Сүүлийн жилүүдэд “Ханни”-д маань хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асран хамгаалагч эцэг, эхчүүдээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэд, мөн насны асуудлаас болж ажил, хөдөлмөр эрхлэхэд хүндрэлтэй тулгардаг эмэгтэйчүүд ажиллаж байна. Манай хамт олны олонх нь ээж нар. 2011 оноос хойш 100 гаруй хүнийг байнгын болон түр, тогтмол ажлын байраар хангаж, цалин, орлоготой байлгаж ирлээ. Манай бүтээгдэхүүн хүүхдийн хөгжлийг дэмжихэд тус дэм болоосой гэж бодож ажилладаг. Бид өдгөө нэг том зорилт тавиад, судалгаа хийж байна. Үйлдвэртээ оюуны бэрхшээлтэй хүмүүсийг ажиллуулах, тэдэнд ажлын байр бэлтгэх гэсэн том зорилготой” гэв.

“Ханни” зөөлөн тоглоомын үйлдвэрлэлийн орлого нь “Энэрэл” төвийнхөө  санхүүгийн гол эх үүсвэр юм байна. Үйл ажиллагааных нь агуулга нэрнээс нь л “үнэртэх” тус төвд өдгөө хүнд хэлбэрийн оюуны бэрхшээл, тархины саажилт, булчингийн чангаралтай зэрэг оноштой 28 хүүхэд хамрагдаж байна. Эднийх хоёр бүлэгтэй бөгөөд мэргэжлийн сэргээн засалч найман хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг аж. Тэдний хоёр нь хөгжлийн бэрхшээлтэй. Үүнээс гадна “Ханни” зөөлөн тоглоомын үйлдвэрт ажилладаг найман хүний гурав нь хөгжлийн бэрхшээлтэй юм билээ. Тэдгээр иргэний олонх нь оюуны болон хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй. Өөрөөр хэлбэл, Т.Туяажаргал оюуны бэрхшээлтэй хүмүүст итгэл өгч, тэдэнд ажлын байр бэлтгэх ажлаа хэдийн эхэлжээ.

“Ханни” зөөлөн тоглоомын үйлдвэрт ажилладаг, тулгуур эрхтний бэрхшээлтэй Б.Батбаяртай цөөн хором ярилцсан юм. Үйлдвэртээ гурван жил гаруй ажиллаж буй тэрбээр хамгийн хариуцлагатай, чухал хэсэг болох лазерын эсгүүрийн оператор. “Энэ ажлыг хийхийн тулд маш нарийвчлалтай тооцоолол гаргадаг учраас хариуцлагатай, няхуур байхыг шаарддаг. Надад итгэж ийм чухал ажлаа даатгасан даргадаа үргэлж талархдаг. Хатуу ч гэсэн яг үнэнийг хэлэхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөрийн бүтээмжээрээ бусад хүнийг зарим талаар гүйцэхгүй байх нь бий. Тэгвэл манай байгууллагад хүнд хэлбэрийн болон оюуны бэрхшээлтэй хүмүүс ажиллаж байна. Биднийг дэмжиж, итгэж, ажил олгож буй нь маш чухал. Энэ бол үнэхээр эр зоригтой, сэтгэлийн хаттай, бусдыг энэрч, хүндэлдэг хүнээс л гарах шийдвэр шүү дээ. Маш их баярладаг юм. Бас хамт олондоо үргэлж баярладаг. Манайхан их найрсаг, нэгнээ сайн ойлгодог. Ер нь бидний үйл ажиллагаа бүхэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө чиглэдэг болохоор ажилчид ч нэгнээ ойлгож, хүндэлдэг. Өмнө нь би олон байгууллагад ажиллаж үзсэн. Үнэнийг хэлэхэд хөгжлийн бэрхшээлтэй ажилчныг бүгдээрээ биш ч зарим нь гадуурхах, дээрэлхэх хандлага түгээмэл байсан. Харин манай “Ханни”-гийнхан хөгжлийн бэрхшээлтэй гэж биднийг гадуурхдаггүй нь үнэхээр сайхан” хэмээлээ. Эдний хамт олон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэх болон хөгжүүлэх үйл ажиллагааг хамтад нь үзүүлэхийн зэрэгцээ хөдөлгөөн засал, төрөл бүрийн сургалт явуулдаг аж. “Энэрэл”-д байнгын асаргаа шаарддаг хүүхдүүдээ хамруулсан ээж, аав нар ажил эрхлэх боломж бүрдсэн нь маш чухал бөгөөд том дэм гэдгийг онцлон хэлж байлаа.

Хэдэн сарын турш “эзэнгүй” байсан үйлдвэрийн байраа цэвэрлэж, цэгцэлж, удахгүй хамт олноороо цуглан ажлаа эхэлнэ хэмээн баярлах Т.Туяажаргалаас хэдэн зүйл тодрууллаа.

-Та бизнесээ эхлэх хөрөнгөө хэрхэн бүрдүүлж байв. Үүний тулд төрөөс ямар нэгэн хөнгөлөлттэй зээл, тусламжид хамрагдаж байсан уу. Ер нь та бүхэнд тулгарч буй гол бэрхшээл нь юу вэ. Үүнийг хэрхэн шийдэх вэ?

-Зээл авах боломж бидэнд бараг байхгүй дээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асран хамгаалагч бидний хувьд барьцаа хөрөнгө гэдэг зүйлд бүдэрдэг.  “Ээлтэй ертөнц”-ийн эхлэл нь тухайн үед миний хүүгийн сард авдаг халамжийн тэтгэмж болох 48 мянган төгрөг л байсан. Тэр үед “Баяр хөөрийн ивээл” хүмүүнлэгийн сангаас чихмэл тоглоом хийлгэх санал ирсэн. Тэдний өгсөн урьдчилгаа мөнгөөр материалаа аваад, бүтээгдэхүүнээ хүлээлгэж өгөөд, үлдсэн мөнгөө авч, хүмүүсийнхээ цалинг тавьж байлаа, анх. Бидний үйл ажиллагаанд тулгардаг бэрхшээл гэвэл борлуулалт. Ер нь бэрхшээлгүй, асуудалгүй ажил гэж байхгүй. Тоочвол зовлон их ч гэсэн бид хэний, юуны төлөө ажиллаж байгаа вэ, ямар зорилготой билээ гэж бодохоор даван туулах хүч эрч хүчтэй болдог. Тиймээс элдэв гомдол хэлж, шантрах эрхгүй. Даван туулсаар ирсэн. Цаашид ч даван туулсаар, зогсолтгүй урагшлах болно.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эх, асран хамгаалагчдад хөдөлмөр эрхлэх ямар боломжууд байна вэ. Тэдэнд ажил хийхэд нь тулгардаг гол асуудал нь юу бол. Үүнийг хэрхэн шийдэх вэ?

-Боломж байхгүй гээд зүгээр сууж болохгүй. Боломжийг бий болгож харах ёстой гэж боддог. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асран хамгаалагч аав, ээжүүд ажил хөдөлмөр эрхлэх нь үнэхээр том асуудал. Гэхдээ тийм байлаа гээд цалингүй, орлогогүй байх нь нөхцөл байдлыг улам л дордуулдаг. Тиймээс боломжийг хайх, бий болгох нь чухал. Хамтраад дуу хоолойгоо төр, засгийнханд дуулгах ёстой. Тууштай явах учиртай. Тэгж байж асуудлыг шийдүүлж, гарц олно. Энэ жилийн хувьд шинэчилсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 144-т хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэхтэй холбоотой заалт тусгасан. Тэр дундаа 144.4-т хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асран хамгаалагч нарын хийсэн бараа, бүтээгдэхүүнийг байнгын, тогтмол гэрээгээр худалдан авсан тохиолдолд энэ хуульд тусгасан торгуулиас чөлөөлөхөөр заасан. Өөрөөр хэлбэл, бид бүхний олон жилийн зүтгэлийн үр дүн гарч эхэлж байна. Одоо хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асран хамгаалагчдын хөдөлмөр эрхлэлтийг улам дэмжиж, кластерын системд оруулчихвал олон асуудлыг тодорхой хэмжээнд шийдэж цэгцлэх боломжтой гэж хардаг.

Эх сурвалж: Өнөөдөр сонин 2022.02.18

Ж.Эрдэнэцэцэг

Дээш