Б.Халиун: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст өөрийгөө нотлох боломжийг нь эрх тэгш олгох хэрэгтэй
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэр дундаа даунтай хүнийг тогтвортой ажлын байраар хангах санаачилгыг манай улсад анх гаргасан байгууллагуудын нэг бол Азийн сан. Тэр дундаа даунтай иргэдийг насан туршид нь ажиллуулахаар баталгаа гаргасан анхны байгууллага гэдгээрээ онцлогтой. Энэ талаар Азийн сангийн хөтөлбөрийн мэргэжилтэн Б.Халиунтай ярилцлаа. Азийн сан нь Монгол Улсад 1990 оноос үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд 1993 онд Төлөөлөгчийн газраа нээжээ. Тус байгууллагынхан сайн засаглалыг бэхжүүлэх, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, эдийн засгийг дэмжих, байгаль орчныг хамгаалах, бүс нутгийн хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжих боломж, нийгэмших үйл ажиллагааг дэмжин ажилладаг байна.
-Азийн сан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах чиглэлээр хэрхэн ажилладаг вэ. Иргэдийн ажиллах орчин нөхцөл, хүртээмжийг хэрхэн бүрдүүлж, сайжруулдаг бол?
-Азийн сан нь Азийн орнуудын хөгжлийг дэмжиж амьдралын нөхцөлийг нь сайжруулах зорилготой ашгийн бус олон улсын хөгжлийн байгууллага. Манай байгууллага тэгш боломжоор хангагч ажил олгогч бөгөөд олон талт байдал нь бидний чухал үнэт зүйлсийн нэг. Тиймээс бүх ажилтандаа таатай, хүртээмжтэй ажлын байр бий болгохоор урт хугацааны зорилт тавин ажилладаг. Хүртээмжтэй ажлын байртай байх нь бидний ерөнхий гүйцэтгэл болон үр өгөөжийг бэхжүүлэхээс гадна гол үнэт зүйлсээ алдахгүй байхад тусалдаг. Эдгээрийн нэг хэсэг нь хүртээмжтэй ажлын байр бий болгох юм. Тиймээс хүмүүст ээлтэй, нээлттэй орчин бүрдүүлэх зорилгоор оффисынхоо бүхий л хэсэгт саад тотгорыг арилгаж, уян хатан цагийн хуваарьтай ажилладаг. Өөрөөр хэлбэл, ажилтнуудаа гэрээсээ ажиллах боломж бүрдүүлж, ажлаа гүйцэтгэхэд нь шаардагдах бүх хэрэгслээр ханган, хамт олон дунд эерэг уур амьсгал бий болгох, мэдээллээр хангах зорилгоор сургалт зохион байгуулдаг. Түүнчлэн бид оффис доторх орон зай буюу ширээ, тавилга хоорондын зайг хол байрлуулж, үүдэн хэсэгт налуу зам байршуулах зэрэг тохируулга, тохижилт хийсэн. Ерөнхийдөө манай бүх ажилтан хөгжих болон боломжоо нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд анхаардаг.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилтай байлгах нь тэдний хөгжих боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ гэр бүлийн эдийн засаг, сэтгэл зүй гэхчлэн олон талт дэмжлэг болдог. Зөвхөн танай байгууллагад биш, бусад ажил олгогчийн тухайд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах боломжийг манай улсад хэрхэн бүрдүүлсэн байна вэ?
-Сүүлийн 10 гаруй жилд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтэд эерэг өөрчлөлт олон гарч байгаа. Гэхдээ энэ нь хангалттай сайжирсан гэсэн үг биш. Хөгжлийн бэрхшээлийн талаарх нийгмийн хэвшмэл, буруу ойлголтыг өөрчлөх, иргэдийг амжилтад хүргэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт хангалттай бус байна. Үүний улмаас олон хүн ажилд орж чадахгүй байгаа нь ажиглагддаг. Зарим ажил олгогч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хөдөлмөр эрхлэхэд нь туслах зориулалттай техник, төхөөрөмжүүд байдаг талаар мэдээлэл муу, мөн хүртээмжтэй ажлын байр бий болгосноор тухайн байгууллагад ямар ач холбогдолтой талаар ойлголт багатай юм шиг санагддаг.
Манай байгууллагын хувьд бүх хүнд хөдөлмөр эрхлэх боломжийг адил тэгш олгохыг зорьдог. Үүний дагуу олон талт, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлж, баг хамт олон дундах хөгжлийн бэрхшээлтэй ажилтны тоог нэмэгдүүлэх нь чухал шаардлагатай гэсэн бодлого баримталдаг. Тухайлбал, манай байгууллага Монголын дауны холбоотой хамтран ажилладаг. Уг хамтын ажиллагааныхаа хүрээнд даунтай иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд хувь нэмрээ оруулах зорилго тавьж, 2020 оны есдүгээр сараас эхлэн Д.Энхбаярыг оффисын туслах ажилтнаар ажиллуулж байна. Бид түүний хүсэл эрмэлзэлд тулгуурлан, сурч мэдэх хэрэгтэй гэсэн бүх зүйлийг нь зааж, цаашид өсөн дэвжихэд нь дэмжлэг үзүүлэхийг зорьдог. Жил гаруйн хугацаанд тэрбээр маш сайн ажилласны зэрэгцээ хамт олондоо эерэг өөрчлөлтүүд авчирсан. Бид цаашид ч байгууллагынхаа хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс манайд ажилд орох хүсэлт гаргах боломжийг бүрдүүлэхэд анхаарна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулж буй иргэний нийгмийн байгууллагуудад үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх болно. Түүнчлэн бид иргэний нийгмийн байгууллагын түншүүдтэйгээ хамтарч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дадлагажигчаар ажиллуулах боломжуудыг бий болгох зэрэг олон ажил төлөвлөж байгаа.
-Азийн сан олон улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хэдэн хүнийг ажилтай болгосон бэ. Тэдний хэд нь Монголд байна вэ. Бусад байгууллагад энэ туршлагаасаа хуваалцах чиглэлээр хэрхэн ажилладаг бол?
-Азийн сангийн нийт ажилтны гурав гаруй хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэж бүртгэгдсэн байна. Гэхдээ энэ тоог ажилтнуудаасаа авсан мэдээлэлд тулгуурлан гаргасан бөгөөд үүнээс ч олон хүн буюу илүү хувьтай байх магадлалтай. Учир нь бид ажилтнуудаасаа ямар нэгэн хөгжлийн бэрхшээлтэй, эсэх талаар нь асууж болохгүй. Тухайн ажилтан өөрөө бидэнтэй энэ талаараа хуваалцахыг хүссэн үед л мэдээллийн сандаа бүртгэдэг. Харин манай Монгол дахь оффисын тухайд одоогоор хөгжлийн бэрхшээлтэй нэг хүн ажиллаж байгаа нь Д.Энхбаяр. Бид энэ талаараа бусад байгууллагад сурталчлаад байдаггүй л дээ. Бусдад сурталчлах гэж бус, харин манай байгууллагад эерэг хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгээд л Д.Энхбаярыг ажилд авсан. Д.Энхбаяртай ажилласан өнгөрсөн нэг жилийн хугацаа болон түүний ирээдүйд гаргах олон амжилт нь хүссэн ч, эс хүссэн ч олон хүнд хүрч, итгэл найдвар төрүүлнэ, урам өгнө гэдэгт итгэдэг. Ялангуяа бусад байгууллагад ч бидний туршлагыг нэвтрүүлэх урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна. Бид ажлын туршлагаасаа бусад хувь хүн, байгууллагатай хуваалцахдаа үргэлж баяртай байх болно.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулахын давуу тал, бас ач холбогдол нь юу вэ. Зарим ажил олгогч хөгжлийн бэрхшээлтэй иргэд тогтвортой, чин сэтгэлээсээ ажилладаг гэж онцолдог юм билээ.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажиллуулах нь маш олон давуу талтай. Хүн бүр өөрийн гэсэн онцлог, давуу талтай байдаг. Тухайлбал, Д.Энхбаярын хувьд эрч хүчээр дүүрэн, хамт олноо ямагт эергээр цэнэглэдэг онцлогтой. Өгсөн ажил, даалгаврыг тууштай хийж, заавал дуусгаж, бүрэн гүйцэтгэдэг маш хариуцлагатай залуу. Бид түүнд бүрэн найдаж, итгэдэг. Тэрбээр өдөр тутамд тулгамдаж буй бэрхшээлийг даван, ажлаа чин сэтгэлээсээ хийдэг. Ямагт шинийг сурч мэдэх, хөгжиж урагшлахаар тэмүүлдэг нь илт харагддаг. Мөн ажилдаа хандаж буй хандлага нь хамт олонд эергээр нөлөөлж, аливаа ажлыг хийнэ гэсэн чин сэтгэл эрмэлзэл, урам зориг өгдөг. Энэ бол бидний хувьд ч том урам, амжилт. Миний хувьд хүмүүсийг хөгжлийн бэрхшээлээр нь ялгаварлан гадуурхахыг дэмждэггүй, харин эрх тэгш гэдэг өнцгөөс харахыг илүүд үздэг. Зарим хүн хөгжлийн бэрхшээлийг хөдөлмөрлөх чадварынх нь саад бэрхшээл гэж хардаг нь ажиглагддаг. Зөв ажил, боломжоор хангаж өгч л чадвал бүх хүн хөдөлмөр эрхэлж чадна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ажил олгогчдын бодож байгаагаас ч илүү чадвартай тул өөрсдийгөө нотлох боломжийг нь тэдэнд бусдын адил эрх тэгш олгох хэрэгтэй гэж боддог.
-Ангид нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурдаг бол хүүхдүүд их нэгдмэл, тусч, бусдад хандах хандлага нь илүү элэгсэг болдог гэж нэг багш ярьж байсан юм. Танай байгууллагын хувьд ч хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулснаар ажлын талбар дээрх уур амьсгал, ажилтнуудын харилцаа, хандлагад эерэг өөрчлөлтүүд гарсан уу?
-Санал бүрэн нийлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авснаар манай байгууллагын үйл ажиллагаа болон багийн гишүүдэд бүгдэд нь эерэг өөрчлөлт гарсан. Ажлын байран дахь уур амьсгал болон бүтээмж мэдэгдэхүйц нэмэгдэж, манай багийн гишүүд хариуцаж буй төсөл, ажилдаа хүртээмжтэй байдлыг анхааран хэрэгжүүлдэг болсон. Энэ мэтээр Д.Энхбаяр маань бидэнд олон сайн туршлагыг бий болгож байна.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчныг бүрдүүлэхэд ажил олгогчдын санаачилга, оролцоо ямар байх ёстой бол. Бусад байгууллагад үлгэрлэх үүднээс сайн туршлагаасаа хуваалцана уу?
-Хөгжлийн бэрхшээлтэй ажилтантай байгууллагууд илүү бүтээмжтэй, идэвхтэй байдаг зэрэг олон эерэг талтай. Аливаа ажил олгогчийн хувьд хүртээмжтэй орчин бүрдүүлэхийн тулд хамгийн эхэнд зорилт тавьж, түүнийгээ хэрэгжүүлэх нь чухал. Бидний хувьд оффистоо үнэлгээ хийж, бага багаар илүү хүртээмжтэй, нээлттэй ажлын байр бий болгож ирсэн. Бид нийгмийн хүртээмжтэй байдал болон хөгжлийн бэрхшээлтэй ажилтнаа амжилтад хүргэхэд хамт олны дэмжлэг ямар чухал болох талаар ажилтнууддаа сургалт явуулдаг.
Эх сурвалж: Өнөөдөр сонин 2022.01.14
Ж.Эрдэнэцэцэг