“Нислэгийн өмнөх хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ
Өсвөр насныхан бие даан амьдрах, шийдвэр гаргахад шаардлагатай бэлгийн болон нөхөн үржихүйн цогц боловсрол олгох зорилготой “Нислэгийн өмнөх хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам НҮБ-ын Хүн амын сангийн Залуучууд, өсвөр үеийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран өсвөр насныхан бие даан амьдрах, шийдвэр гаргахад шаардлагатай бэлгийн болон нөхөн үржихүйн цогц боловсрол олгох зорилготой “Нислэгийн өмнөх хөтөлбөр”-ийн нээлтийг Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд хийлээ.
Хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд Өвөрхангай аймгийн Политехник коллежийн дотуур байрны 15-16 насны 45 хүүхэд хамрагдсан бөгөөд тус арга хэмжээний хүрээнд хүүхдүүд өртөөчилсөн хэлбэрээр өсвөр үе хүүхэд залуучууд руу чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан юм.
“Нислэгийн өмнөх хөтөлбөр”-ийг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх арга хэмжээг аймаг, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтэстэй хамтран хэрэгжүүлэх юм.
Арга хэмжээний хүрээнд тус аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэндийн газар, Ерөнхий боловсролын 1,2 дугаар сургууль, ЕБС-ийн дотуур байрны үйл ажиллагаатай танилцлаа. Түүнчлэн Аймгийн орлогч дарга, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга болон бусад холбогдох албаны төлөөлөлтэй уулзаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлогын шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө.