Гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тогтоолоо
Өнгөрсөн баасан гариг /2017-11-25/-т болсон Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсад 2018 онд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагын нийт монгол ажиллагчдын тоонд эзлэх гадаадын ажиллах хүч, мэргэжилтний хувийг баталлаа.
Засгийн газраас хувь тогтоогоогүй, эдийн засгийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг, 20-иос дээш монгол ажилчинтай аж ахуйн нэгж, байгууллагад гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тухайн байгууллагын нийт ажиллагчдын тав хүртэл хувь байхаар тогтов.
Гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтнийг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт төлбөртэйгээр хамруулж байхыг Эрүүл мэндийн сайдад даалгалаа.
2017 оны 10 дугаар сарын 31-ний байдлаар манай улсад 91 орны 9500 орчим гадаадын иргэн хөдөлмөр эрхэлж байна. Засгийн газар 2020 гэхэд гадаадын ажиллах хүчний тоо, хэмжээг 50 хувь хүртэл бууруулахыг зорьж байгаа юм.