“Тогтвортой хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн бүс нутгийн 9 дүгээр форум”-д улс орнуудын 3000 төлөөлөгчид оролцов
Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа тэргүүтэй төлөөлөгчид “Тогтвортой хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн бүс нутгийн 9 дүгээр форум”-д оролцлоо. Тус форум Тайландын Бангкок хотноо 2022 оны 3 дугаар сарын 28-31-ний хооронд цахим болон холимог хэлбэрээр болж нийт 3000 төлөөлөгчид оролцсон юм.
Хуралдааны даргаар Филиппин Улсын Үндэсний эдийн засаг, хөгжлийн газрын дарга Карл Кендрин Чуа, дэд даргаар ноён Жон Усамате (Фижи), ноён Мохамед Аслам (Мальдив), хатагтай Китланг Кабуа (Маршаллын арлууд), хатагтай Аюушийн Ариунзаяа (Монгол Улс), ноён Али Сабри (Шри Ланка), ноён Дон Прамудвинай (Тайланд), ноён Мухамметгелди Сердаров (Туркменистан) нарыг сонгосон юм.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед форумын нээлтийн илтгэлдээ “Ази, Номхон далайн бүс нутагт 90 сая хүн өдөрт 1.90 доллараас бага орлоготой байгаа бөгөөд 30 сая гаруй хүүхэд хоол тэжээлийн хурц дутагдалд орж байна. Цар тахлын улмаас Ази, Номхон далайн бүс нутагт 109-166 сая ажлын байр үгүй болсон. Бид эмэгтэйчүүд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, албан бус салбарт ажиллаж байгаа хүмүүс, дүрвэгсэд, цагаачдад дэмжлэг үзүүлэхэд анхаарч байна. Цар тахлын сөрөг нөлөөлөлд хамгийн ихээр нэрвэгдсэн нь дээрх бүлгүүд билээ. Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд хүндрэл учирч байгаа ч бүрэн хэрэгжүүлэх боломж хэвээр байна” гэж мэдэгдэв.
“Сүүлийн 75 жилийн турш НҮБ-ын АНДЭЗНК нь Ази, Номхон далайн бүс нутгийн бүх талын хамтын ажиллагааны асуудлаар яриа хэлэлцээ өрнүүлдэг хамгийн хүртээмжтэй платформ байсаар ирсэн. Тус бүс нутгийн өмнө тулгарч буй нийгэм-эдийн засгийн сорилтыг даван туулах, нийтлэг зорилтыг тодорхойлох, гишүүн улсдаа тогтвортой хөгжлийн чиглэлээр бодлогын санал боловсруулах, техникийн туслалцаа үзүүлэх явдал Комиссын үйл ажиллагааны цөм хэвээр байна” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Сальсиа Алисжабана илтгэлдээ дурдав.
Форумд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа тэргүүтэй манай төлөөлөгчид оролцов. Тус форумын дэд даргаар сонгогдон ажилласан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Тогтвортой хөгжлийн 5 дугаар зорилт”-ын асуудлаар, “Ази, Номхон далайн бүс нутагт “Тогтвортой хөгжлийн зорилт-2030 хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангахад НҮБ-ын системийн хэмжээнд явуулсан үйл ажиллагаанд дүгнэлт өгөх асуудлаар, болон Сайд нарын дугуй ширээний уулзалт, хэлэлцүүлэгт үг хэлж панелистаар тус тус оролцож, “Тогтвортой хөгжлийн 5 дугаар зорилт”-ын асуудлаарх хуралдааныг даргалав.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Бангкок хотноо ажиллах үеэрээ НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Мохамед, Ази, Номхон далайн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийн Гүйцэтгэх захирал Пирун Лайсмит, ЮНЕСКО-гийн Ази, Номхон далайн бүсийн захирал Шигэрү Аояги, НҮБ-ын АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабана, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Ази, Номхон далайн бүсийн захирал Дебора Комани, НҮБ-ын Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн захирал Асада-Мияакава нартай уулзаж хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, үр дүнтэй ажиллах талаар ярилцсан юм.