”ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯН-2022” эхэллээ

Манай улс жил бүрийн 4 дүгээр сарыг ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САР болгон тэмдэглэдэг.

Энэ жил улс орон даяар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ХАБЭА-н мэдлэг, мэдээллийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭЕРЭГ СОЁЛЫГ ХАМТДАА ТӨЛӨВШҮҮЛЬЕ” уриан дор тэмдэглэх юм.

Сарын аяны хүрээнд:

✅“Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2021” болзолт уралдааны шилдэг аж ахуйн нэгж байгууллагуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа

✅Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шилдэг зөвлөлийг шалгаруулах

✅ХАБЭА-н өнөөгийн байдал цаашид авах арга хэмжээ” хэлэлцүүлэг

✅ЕБС-ийн сурагчдын дунд “Миний гэр бүл аюулгүй ажилладаг” сэдэвт гар зургийн уралдаан

✅Аж ахуйн нэгж байгууллагын ажил олгогч нарт зориулсан ХАБЭА-н мэдлэг дээшлүүлэх цахим сургалт

✅Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, салбар хороо зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулах зэрэг өргөн хүрээг хамруулахаар төлөвлөөд байна.

Сарын аяны нээлтийн арга хэмжээ 2022 оны 04 дүгээр сарын 04-ний 10.00-14.00 цагт МҮЭСТО-нд болно.

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар хамтран 11 дэх жилдээ зохион байгуулж байна.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 04 дүгээр сарын 28-ныг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэсэн. Манай улс 2011 оноос хойш тус өдрийг тохиолдуулан 4-р сарыг ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САР болгон тэмдэглэж байна.

Дээш