Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх боломж
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх боломж
Өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын удирдлага, Эрүүл мэндийн яамны албаны хүмүүсийн хамт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд ажиллалаа.
БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьж 2019 онд нээсэн тус төвд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сэргээн засах, хөгжүүлэх үйлчилгээ үзүүлдэг.
Сэргээн засах үйлчилгээнээс гадна эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж, эмийн эмчилгээ хийвэл тус төвийг нэмэлт хүчин чадлаар ажиллуулж шинэ барилга, эмнэлгийн ор хэрэгслийн нөөцийг бүрэн ашиглах боломжтой.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тус төвдөө эмчилснээр нэгдүгээрт, үйлчлүүлэгчдэд учирдаг явдал чирэгдэл буурна. Хоёрдугаарт, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ачааллыг тодорхой хэмжээгээр хөнгөлнө. Цаашлаад шаардлагатай тохиолдолд мөн ханиад томууны ид үед ачаалал ихтэй эмнэлгээс хүүхдүүдийг хүлээн авч, хэвтүүлэн эмчлэх боломжтой болно.
Тиймээс сэргээн засах, хөгжлийн төвд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хүсэлтийг холбогдох албаны хүмүүст илэрхийлж төвийн орчин нөхцөлийг танилцууллаа.
Тус төвийн зарим хэсгийг эмнэлгийн зориулалтаар ашиглахад бүтэц, орон тоо, санхүүжилт гээд тодорхой зохион байгуулалтын ажил шаардлагатай байгаа юм.