Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 66 дугаар чуулганд оролцож байна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа тэргүүтэй төлөөлөгчид энэ оны 3 дугаар сарын 14-26-нд Нью-Йорк хотноо холимог хэлбэрээр болж буй НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Эмэгтэйчүүдийн аж байдлын комисс (ЭАБК)-ын 66 дугаар чуулганд оролцож байна. Энэ хүрээнд чуулганы 3 дугаар сарын 16-ны Ерөнхий хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа цахимаар оролцож, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” болон эмэгтэйчүүдийг чадавхжуулах, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, жендэрийн тэгш байдлыг хангах бодлого, арга хэмжээний талаар танилцуулав. ЭАБК-ын 66 дугаар чуулганы хувьд охид, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, тэгш оролцоо, жендэрийн тэгш байдлыг хангах асуудлыг гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлт зэрэг байгаль орчны тулгамдаж буй асуудлуудтай уялдуулан хэлэлцэж байгаа нь онцлог болж байна. Монгол Улс Эмэгтэйчүүдийн аж байдлын комисс (ЭАБК)-ын гишүүнээр 2022-2024 онд ажиллаж байна.


Дээш