Технологийн уур үйлдвэрлэгчдийн холбооны төлөөллүүдтэй уулзаж, үйл ажиллагаатай танилцлаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, холбогдох асуудал хариуцсан албаны хүмүүсийн хамт Технологийн уур үйлдвэрлэгчдийн холбооны төлөөллүүдтэй уулзаж, үйл ажиллагаатай нь танилцлаа.
Технологийн уур үйлдвэрлэгчдийн холбоо нь хөөсөнцөрийн үйлдвэр, хөнгөн блокны үйлдвэр, бетон хийцийн үйлдвэр, тоосгоны үйлдвэр, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр, мах боловсруулах үйлдвэр, өөх тос, ноос ноолуур боловсруулах үйлдвэр зэрэг 12 салбарт үйл ажиллагаагаа явуулдаг.
Гишүүн байгууллагын үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээр Монгол Улсын бүтээн байгуулалтад томоохон хувь нэмэр оруулж байгаатай танилцав. Тухайлбал, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр нь агаарын болон орчныг бохирдуулагч хог хаягдлыг дахин боловсруулж, гадаад зах зээлд гаргах, дотооддоо бүх төрлийн хуванцар сав үйлдвэрлэж, ажлын байр бий болгож байна.
Засгийн газрын “Түүхий нүүрс түлэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт технологийн зориулалтаар уур үйлдвэрлэн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын уурын зуухыг 2022 оны 5 дугаар сараас эхлэн түүхий болон хагас боловсруулсан нүүрс түлэхийг хориглох шийдвэр гаргасан.
Технологийн уур үйлдвэрлэгчдийн холбоо сайжруулсан түлшний 95 хувийг эзэлдэг баяжуулсан нүүрсийг хэрэглэдэг бөгөөд шаардлага хангаж байгаа талаар холбогдох лабораторуудаас дүгнэлт гарсан байна. Үүнтэй холбоотой асуудлыг судалж, холбогдох мэргэжлийн байгууллагуудад уламжлан дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаар болов. Тус холбоо нь 80 байгууллагын 4000 гаруй ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.