Ахмадын байгууллагын удирдах ажилтны улсын зөвлөгөөн цахимаар боллоо
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын ахмадын холбоо хамтран аймаг, нийслэл, дүүрэг, яам, агентлаг, аж ахуйн нэгжийн ахмадын байгууллагын удирдах ажилтны улсын зөвлөгөөнийг цахимаар зохион байгууллаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл, ахмад настанд үзүүлэх хөнгөлөлт үйлчилгээ болон ахмадын хөдөлмөр эрхлэлтийн талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар мэдээлэл өгч улсын зөвлөгөөнд оролцож буй нийт ахмадуудад эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөв.
ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир “Монгол Улсын Засгийн газраас ахмад настны талаар баримтлах бодлого” сэдэвт илтгэлдээ Ахмадын хөгжлийн төв байгуулж, цогц асрамж үйлчилгээ үзүүлэх зорилго тавин ажиллаж байгаа талаар онцоллоо.
Хурал даргалагч МАхХ-ны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар Монголын ахмадын байгууллагын түүхт 90 жилийн ой болон байгууллагын 2021 онд хийсэн ажлын үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудаа танилцуулав.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг Нийгмийн даатгалын сангаас олгох өндөр настны тэтгэврийг нэмэгдүүлэн тооцсон аргачлал, ахмадуудын санал хүсэлтийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн бол Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын Нийгмийн халамжийн асуудал хариуцсан дэд дарга Т.Бадрахбаяр Нийгмийн халамжийн сангаас ахмад настанд үзүүлж буй хөнгөлөлт үйлчилгээ, үр дүнг танилцуулсан.
Тухайлбал, 2021 онд протез, ортопедийн хөнгөлөлт, үйлчилгээнд 12 мянга гаруй хүн хамрагдаж, үүнд зургаан тэрбум төгрөг зарцуулсан зэрэг тусламж, үйлчилгээний талаар мэдээлэл өглөө. Мөн Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан дэд дарга Э.Ганбат “Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг өргөжүүлэх, ахмад настны орлогын хэмжээг нэмэгдүүлэх боломж” сэдвээр төр засгаас авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцуулав.
МАхХ-ны дэд ерөнхийлөгч, ажлын албаны дарга П.Бямбацэрэн МАхХ-ноос 2022 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй зорилт, холбооны ээлжит VIII их хурлын бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж санал солилцлоо.