Төв Азийн Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийг Дэмжих Хөтөлбөрийн нээлтэд оролцлоо

Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ)-ны Төв Азийн Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийг Дэмжих Хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд бөгөөд Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийг Дэмжих Хөтөлбөрийн Удирдах Зөвлөлийн дарга А.Ариунзаяа оролцлоо.

Үйл ажиллагааг нээж үг хэлэхдээ Монгол Улсын Засгийн газраас “Халамжаас хөдөлмөрт” зорилт тавин ажиллаж байгааг онцлоод Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээлд эргэн нэвтрэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” -ийг 2022 онд хэрэгжүүлэхээр шийдвэрлэснийг мэдэгдлээ.

Төв Ази дахь Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр нь санхүүжилт, зөвлөх үйлчилгээ, бодлогын хэлэлцүүлэг гэсэн цогц хөтөлбөр хэрэгжүүлдгээрээ эмэгтэйчүүдэд үр өгөөжтэй, тэгш боломж олгодог, хандивлагчдын дэмжлэгтэйгээр Монгол Улсад хэрэгжүүлэх нь ач холбогдолтой гэдгийг А.Ариунзаяа сайд онцлов.

Уг үйл ажиллагаа нь “ЕСБХБ-наас эмэгтэй удирдлагатай бизнесийг хэрхэн дэмжих вэ?” сэдэвт хурлын хүрээнд зохион байгуулагдлаа. Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Санхүүгийн Санаачлага болон ЕСБХБ хамтран санхүүжүүлсэн Төв Ази дахь Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийг Дэмжих Хөтөлбөрийн үндсэн зорилго нь эдийн засгийн боломжийг нь нэмэгдүүлэх замаар эмэгтэйчүүдийг чадавхжуулахад оршино.

Энэхүү хөтөлбөрийг ЕСБХБ-наас Казахстан, Тажикистан зэрэг улсуудад 2015 оноос хойш амжилттай хэрэгжүүлж байгаа ба бусад Төв Азийн орнууд болон Монгол улсад ч ач холбогдолтой хэмээн үзсэн байна.

Төв Азийн Хөтөлбөр нь санхүүжилт, ноу-хау олж авахад тулгардаг жендертэй холбоотой томоохон саад тотгор, мөн бизнесийн орчны боломжуудыг хязгаарладаг бодлогын чанартай асуудлуудтай нэг ижил нүүр тулдаг Монгол улс, Бүгд Найрамдах Киргиз, Тажикистан болон Узбекистан зэрэг улсын эмэгтэй удирдлагатай 7000 орчим ЖДБ-үүдэд хүрч ажиллахаар төлөвлөж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл С. Клечески, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малон болон зохион байгуулагч талаас ЕСБХБ-ны Төв Азийн Бүсийн Захирал Сюзанна Харгитай, ЕСБХБ-ны Монгол Улс дахь Суурин Төлөөлөгч Ханнес Такач, ЕСБХБ-ны Санхүүгийн Байгууллага Хариуцсан Захирал Фрэнсис Малиж, Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Санхүүгийн Санаачилга, Хэрэг Эрхлэх Газрын Захирал Венди Телеки нар болон Монгол Улсын Төр захиргааны байгууллага, ТББ, ББСБ, ХХК-ний төлөөллүүд оролцлоо.

uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded picture

Дээш