Ц.Сумангэрэл: Хэл ярианы согогийг эрт засахгүй бол хүүхдийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг

uploaded pictureuploaded pictureХүүхэд гурав, дөрвөн нас хүрсэн ч сайн ярьж чаддаггүй, санаа бодлоо гүйцэд илэрхийлдэггүй, юу хэлж байгаа нь тодорхой биш, ойлгомжгүй ярьдаг байх нь хэвийн үзэгдэл үү. Үүнд төдийлөн анхаарал хандуулахгүй, яваандаа сайжирна гэж бодох нь зөв болов уу. Тэгвэл ийнхүү ойлгох нь эндүүрэл болохыг хэл засалч Ц.Сумангэрэл хэллээ. Тэрбээр Монгол Улсад маш цөөхөн байдаг мэргэжилтний нэг бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд хэл засалчаар ажилладаг. ОХУ-ын Ростов-на-Дону хотын Өмнөд Холбооны их сургуульд хэл засалч, согогзүйч мэргэжил эзэмшиж, 2018 онд төгссөн Ц.Сумангэрэлтэй ярилцаж, хэл заслын тусламж шаардлагатай хүүхдүүд, тэдний эцэг, эхчүүдэд зөвлөгөө, мэдээлэл өгөхийг зорилоо. Манай улсад хэл засалч мэргэжилтэн тун цөөн байдаг. Гэтэл хэл засалчийн тусламж, үйлчилгээ, зөвлөгөө авах шаардлагатай иргэний тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа аж. Тиймээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслөөс АШУҮИС-ийн хөтөлбөрт хэл засалч мэргэжлийг оруулж, энэ төрлийн мэргэжилтнийг дотооддоо бэлтгэж эхлэх чиглэлээр ажиллаж буй юм билээ.

-Хэл ярианы бэрхшээл гэж чухам юуг хэлдэг вэ. Манай улсад ийм төрлийн бэрхшээлтэй хэдэн хүн байдаг бол?

-Аман ба бичгийн хэлний чадвар хэсэгчлэн болон бүрмөсөн алдагдсаныг хэл ярианы бэрхшээл гэдэг. Өөрөөр хэлбэл, нийгэм болон бусадтай харилцахад саад болж буй хэл, ярианы тодорхой онцлогийг хэлж байгаа юм. Хэл ярианы согог нь аяндаа засарч арилахгүй, тогтонги шинжтэй байдаг. Ийм согогийн улмаас хүүхдийн танин мэдэх үйл ажиллагааны хөгжил саатаж, харилцаа хязгаарлагдан, улмаар тэдний ерөнхий хөгжилд хоцрогдол үүсдэг. Тиймээс хэл ярианы согогийг бага дээр нь илрүүлж, эрт эмчлэх шаардлагатай. Үндэсний статистикийн хорооны сүүлийн мэдээнээс харахад манай улсад хэл ярианы бэрхшээлтэй 7040 хүн байна. Тэдний хэд нь хүүхэд вэ гэдгийг ялгах боломжгүй. Мөн үүн дээр сонсголын бэрхшээлтэй иргэдийн тоог нэмэхээр 10 мянга гаруй хүн болдог. Сүүлийн үед манай улсад хэл ярианы бэрхшээлийн талаарх асуудал маш хурцаар яригдаж байгаа. Бид дотооддоо хэл засалч мэргэжилтэн бэлтгэдэггүй. Гэтэл хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүд нэмэгдсээр байна. Мэргэжлийн хэл засалч олон байхгүй учраас тэднийг оношилж, нарийн тоон мэдээлэл гаргах боломж хомс.

-Хэл ярианы бэрхшээлтэй хүүхэд олширч байна гэж та хэллээ. Шалтгаан нь юу вэ?

-Хэл ярианы бэрхшээл үүсэх олон шалтгаан бий. Хэл ярианы бэрхшээлийг төрөлхийн болон олдмол гэж хоёр ангилдаг. Хүүхэд тодорхой хэмжээнд авах ёстой мэдлэг, мэдээллээ авч чадахгүйгээс бэрхшээл үүсэж болно. Тухайлбал, коронавирусийн улмаас хүүхдүүд сүүлийн хоёр жил цэцэрлэг, сургуульд хамрагдаж чадахгүй, гэртээ байлаа. Ингэснээр хүүхдүүдийн нийгэмтэй харилцаж, хөгжих боломж хязгаарлагдаж, ярих үйл явцад нь сөргөөр нөлөөлсөн. Эцэг, эхчүүд хүүхдээ гурван нас хүрчихээд ярихгүй байхад нь “Зүгээр. Удахгүй ярьж чадна” гээд тоодоггүй. Энэ нь хэл ярианы бэрхшээлийн талаарх мэдээлэлгүй, ойлголтгүйгээс шалтгаалдаг. Ийм согогийг эрт илрүүлж чадахгүйгээс эмчид оройтож хандаж байна. Эрүүл чийрэг биетэй ч хэл ярианы бэрхшээлтэй хүүхэд цөөнгүй. Манай төвд хандаж эмчлүүлж буй хүүхдийн эцэг, эхчүүдээс би “Та хүүхэдтэйгээ хэр их ярьдаг вэ, хүүхэд нь сургууль, цэцэрлэгт хамрагдсан уу, ухаалаг утас, зурагт хэр хэрэглүүлдэг вэ” гэж асуудаг. Тэдний олонх нь хүүхдээ гар утас, зурагтын зохисгүй хэрэглээтэй болгосон байдаг. Энэ нь хүүхдэд хэл ярианы бэрхшээл үүсэх томоохон хүчин зүйл юм. Нөгөө талаас залуу эцэг, эхчүүд хүүхдээ хэлд ороогүй байхад нь гадаад хэл зааж байна. Хүүхдэдээ эхлээд эх хэлийг нь эзэмшүүлсний дараа гадаад хэл заах нь зүйтэй. Төрөлх хэл нь бүрэлдээгүй нэг настай хүүхдэд ухаалаг утас үзүүлж, гадаад хэл заагаад эхлэхээр өөрийгөө хэрхэн илэрхийлэхээ мэдэхгүй, сэтгэл зүйн хувьд асуудалтай болдог. Хүүхдийнхээ материаллаг зүйлийг хараад, сэтгэхүй, танин мэдэхүйн хоцрогдлыг анзаарахгүй алдах тохиолдол цөөнгүй байна.

-Хэл ярианы бэрхшээл хүүхдийн хөгжилд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Хэл яриа бол хүний танин мэдэх үйл ажиллагааны үндсэн цөм. Хүүхэд төрсөн цагаасаа эхлэн гадаад орчноо хэл ярианы тусламжтайгаар таньж, түүнийг тусгаж, санаа бодлоо үгээр илэрхийлдэг. Хэл яриа, сэтгэхүй хоёр хоорондоо салшгүй холбоотой. Хэл ярианы чадвар нь хүүхдийн сэтгэхүйн ерөнхий хөгжилд нөлөөлж, танин мэдэх чадварыг хөгжүүлдэг. Хэл ярианы согогийг эрт засахгүй бол цаашид хүүхдийн хөгжилд сөргөөр нөлөөлнө. Бие бялдрын нормативт зааснаар гурван настай хүүхэд өөрийгөө бүрэн илэрхийлдэг байх ёстой. Өөрөөр хэлбэл, 2-3 настай хүүхэд яриандаа дунджаар 300-500 үгийг чөлөөтэй ашигладаг, биеийн төлөөний болон нэр, үйл үгийг холбож, өгүүлбэр хэлж чаддаг байх ёстой гэж үздэг. Ингэж чадахгүй бол тухайн хүүхдийг хэл яриа, танин мэдэхүйн хөгжлийн хоцрогдолд орсон байна гэж дүгнэнэ. Хэл ярианы хоцрогдолтой хүүхэд хэлд орохдоо удаан, цаашлаад шинэ зүйл сурахдаа хойрго, хичээлээ дийлэхгүйд хүрдэг. Тухайлбал, таван настай хүүхэд хэл яриа, танин мэдэхүйн мэдэгдэхүйц хоцрогдолтой байвал сургуульд орох хугацаа нь хойшлох, сурсан ч бусдаасаа хоцрох эрсдэлтэй. Ингэж явсаар хүүхэд сэтгэл зүйн маш том дарамтад ордог. Хэл яриа бол хүний сэтгэн бодох чадварын дээд илрэл юм. Тэгэхээр хүний амьдралын чанарт нөлөөлдөг маш чухал чадвар.

-Хэл ярианы бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эх, асран хамгаалагчид аль байгууллагад хандаж, тусламж, үйлчилгээ авах боломжтой вэ? 

-Намайг ОХУ-д хэл засалчаар сурч байхад тэнд энэ чиглэлээр сургалт явуулдаг байгууллага маш элбэг, тусламж, үйлчилгээ нь хүн амдаа хүртээмжтэй байсан. Харин Монгол Улсад ийм үйлчилгээ, тусламж их бага. Хэрэв таны хүүхдэд хэл ярианы ямар нэг бэрхшээл ажиглагдвал эхлээд өрхийн эрүүл мэндийн төвд хандах хэрэгтэй. Дараа нь ямар шалтгааны улмаас хэл ярианы бэрхшээл үүсээд буйг нарийн мэргэжлийн эмчээр оношлуулах нь зөв. Мөн тусгай сургууль, цэцэрлэгийн мэргэжилтэнд хандаж болно. Түүнчлэн ЭХЭМҮТ, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв болон энэ чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагад хандаж, хүүхдээ оношлуулж, зөвлөгөө авч, эмчлүүлэх боломжтой. Сүүлийн 10 жилийн хугацаанд манай улсад хэл заслын салбар маш их шаардлагатай болсон. Эрэлт хэрэгцээ байгаа ч мэргэжлийн хүн цөөн. Төр, засгаас үүнд бодлогоор анхаарал хандуулах цаг болжээ. Хэл засалч бол хүүхэд бүрийн эвийг олдог сайн найз, хатуу багш, хайртай ах, эгч нь байж тэднийг эмчилж чадна.

-Хүүхдээ хэл ярианы бэрхшээлтэй, эсэхийг хэрхэн мэдэж болох вэ. Яаж оношлох вэ?

-Хүүхэд нэг нас хүрээд өөрийгөө бага багаар ойлгуулж, ярьж, хэлсэн үгийг дагаж, дуурайдаг. Гурван нас хүрсэн хүүхэд өөрийгөө бүрэн ойлгуулж чадахгүй, дохио зангаа ашиглаж буй бол хэл ярианы хоцрогдол үүсэж эхэлсний дохио. Тиймээс хэл засалчид хандах шаардлагатай. Гэтэл зарим эцэг, эх ийм бэрхшээлтэй хүүхдээ нуудаг. Өөрсдөө сэтгэл зүйн хувьд хүлээн авч, дасах гэсээр байтал хүүхэд нь хэдийн тав, зургаан нас хүрчихдэг. Цаг тухай бүрт нь эмнэлэгт хандаж, авах ёстой тусламж, үйлчилгээг аваагүйгээс хүүхэд хоцрогдож, бэрхшээл нь илүү хүндэрдэг.

-Ийм бэрхшээлийг бүрэн эмчлэх боломжтой юу?

-Согогийн явц, онцлогоос шалтгаална. Шаардлагатай тусламжийг цаг тухайд нь авсан бол тодорхой хугацааны дараа хэл ярианы бэрхшээлийг даван туулах боломжтой. Эдгэрсэн хүн цөөнгүй. Хэл ярианы бэрхшээл нь хүний бие болон сэтгэхүйтэй холбоотой. Өгүүлэх эрхтний тогтолцоонд тархи, улаан хоолой, уушги, чих, хамар, амны хөндий зэрэг нь хамаардаг. Үүний аль нэгт асуудал үүсвэл хэл ярианы бэрхшээл тулгардаг. Жишээ нь, сэтэрхий уруул, цоорхой тагнай нь хэл ярианы бэрхшээлд шууд нөлөөлнө. Үүнийг мэс заслын аргаар зассан ч тодорхой наснаас нь эхлэн хэл засалчид хандахгүй бол ярианы бэрхшээл үүсэх эрсдэлтэй. Авиа дуудлагын согог, хэл ярианы дутуу хөгжил, ээрүү, тултираа, унших, бичгийн гэм согог гээд олон талын бэрхшээл бий. Тухайлбал, ээрүү нь төв мэдрэлийн системээс үүдэлтэй бэрхшээл. Энэ нь насан туршид илэрч болох ч хянах боломжтой.

-Хэл заслын ямар ямар төрлийн тусламж, үйлчилгээ байдаг вэ. Энэ төрлийн тусламж, үйлчилгээг хэдэн наснаас эхэлж авбал илүү үр дүнтэй вэ? 

-Хэл яриа заслын эмчилгээг гурван наснаас эхэлж явуулдаг. Гэхдээ 1-3 насны хооронд эцэг, эхчүүд хэл засалчид хандаж, үнэлгээ хийлгэн, хэл ярианы хөгжилд эртнээс анхаарахад буруудахгүй. Эрт хандаж, эмчлүүлэх нь ирээдүйд тулгарах бэрхшээлийг зогсооно. Бүх насны хүн хэл ярианы тусламж, үйлчилгээ авах боломжтой. Тархинд цус харвасны дараах хэл заслын эмчилгээ хийдэг шүү дээ. Нас ахих тусам хэл ярианы бэрхшээл хэвшил, дадал болдог тул эмчлэхэд хугацаа их шаарддаг. Тиймээс хүүхдээ аль болох багад нь эмчлүүлээрэй.

-Хэл заслын тусламж, үйлчилгээ цаг алдалгүй аваад эдгэрсэн тохиолдол цөөнгүй байх. Та тодорхой жишээ ярихгүй юу?

-Манай төвд тархины саажилттай, ярьж чаддаггүй хүүхэд олон ханддаг. Тухайлбал, хоёр жилийн өмнө гурван настай, тэргэнцэртэй, саажилттай охин над дээр ирсэн. Тэрбээр хэл, уруул болон нүүрний булчингийн сулрал гэсэн оноштой байлаа. Эмчлэх аргаа зөв олж, шаардлагатай дасгалыг зааж өгснөөр хүүхэд өөрийгөө сайн илэрхийлдэг, ярьдаг болсон. Дан ганц эмчилгээнд найдалгүй хүүхдэд зөв, гоё ярьдаг болно гэсэн итгэл өгөх нь хамгийн чухал. Хүүхдээ тод ярьдаг, өөрийгөө чөлөөтэй илэрхийлдэг болсныг хараад ээж нь итгэхгүй байсан. Хүүхдийн ярианы чадвар сайжирсны нэг илрэл нь янз бүрээр тоглоом хийх, бусдыг шоглох юм. Хэл яриаг нь сайжруулахад гэр бүлийн оролцоо, асаргаа, уйгагүй хичээл зүтгэл чухал. Хэл засалчийн заасан дасгал болон бариа заслыг тогтмол хийлгэх хэрэгтэй. Эцэг, эхчүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ өрөвдөж, хэт дураар нь байлгадаг, биеэ даах боломж олгохгүй байх тохиолдол цөөнгүй. Мөн манай төвд хэл ярианы бэрхшээлтэй, саажилт хавсарсан хүү ирсэн юм. Тэр хүү эцэг, эхдээ маш их эрхэлдэг, тогтож сууж, хүнтэй харилцах чадвар тааруу байсан. Хэл заслын дасгал хийж, цаг алдалгүй арга хэмжээ авснаар одоо сайн ярьдаг, бүр ганцаараа явж чаддаг болсон. Би анх эцэг, эх, асран хамгаалагчтай нь уулзахдаа хүүхдэд хэзээ ямар үр дүн гарах талаар төлөвлөгөө, зорилгоо танилцуулдаг. Хэл заслын эмчилгээ хэдэн сараас эхлээд хоёр, гурван жил ч үргэлжилдэг. Яг л тамирчин шиг өдөр бүр тодорхой хугацаанд хэл яриа сайжруулах дасгал хийх хэрэгтэй. Манай төвд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд улиралд нэг удаа хоёр долоо хоногоор хэвтэн эмчлүүлэх боломжтой.

-Туслах хэрэгслийн тусламжийг хэрхэн авах вэ. Туслах хэрэгсэлтэй болсноор тухайн хүнд ямар ахиц гардаг бол?

-Хэл заслын эмчилгээнд авиа болон бариа заслын туслах хэрэгсэл ашигладаг. Жишээ нь, сул сонсголтой хүнд сонсголын аппарат болон бусад туслах хэрэгслийн тусламжтайгаар үйлчилгээ үзүүлдэг. Тухайн хүний бэрхшээлийн онцлогоос шалтгаалж ямар хэрэгсэл хэрэглэхээ шийднэ.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

                        Ч.Болортуяа

Дээш