С.Чинзориг сайд МҮЭХ-ны их хуралд оролцлоо
УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнөөдөр Монголын Үйлдвэрчний эвлэлийн XXII их хурлын нээлтэд оролцлоо.
Тэрбээр хөдөлмөр, нийгмийн зөвшлийн нэг гол тулгуур МҮЭ-ийн ээлжит их хурлын төлөөлөгчид болон үйлдвэрчний эвлэлийн нийт гишүүдэд баяр хүргэж хэлсэн үгэндээ Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам өнгөрсөн хугацаанд МҮЭХ-той нягт хамтарч ажилласаар ирснийг онцлон цаашид ч энэ найрсаг харилцааг хадгалж тулгамдаад буй асуудлуудыг хамтдаа шийдвэрлэж байх болно гэсэн юм. Мөн удахгүй УИХ-д өргөн барих Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Нийгмийн даатгалын багц хуулиудын шинэчлэлийн асуудлуудыг дэмжиж, хамтарч ажиллахыг хүслээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс МҮЭ-ийн XXII их хурлын төлөөлөгчдөд илгээсэн мэндчилгээг танилцуулж, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатарт гардуулсан юм.
Мэндчилгээнд Монгол Улсад шинээр бүрэлдэн бий болсон зах зээлийн эдийн засгийн нөхцөлд хөдөлмөрийн шинэ харилцааг үндэсний хэмжээнд төлөвшүүлэх, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, нийгмийн түншлэлийн механизмыг улсын хэмжээнд болон аймаг, салбар, аж ахуйн нэгжийн түвшинд хөгжүүлэх, цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн хамгааллыг сайжруулах, ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг бий болгоход олон улсын нийтлэг жишгээр үйлдвэрчний эвлэл, ажил олгогчидтой Засгийн газар хамтран ажиллаж ирснийг тэмдэглээд Монгол Улсын Засгийн газар 2018 оноос “Цалинтай ээж”, “Орлоготой оюутан” хөтөлбөр хэрэгжүүлж, хүүхдээ 3 нас хүртэл нь харж асарч байгаа эхчүүдэд сар бүр 50 мянган төгрөг, өрх толгойлсон эх, эцэгт улирал бүр 240 мянга төгрөг олгох, тэтгэвэр тэтгэмж болон төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэх зэргээр нийгмийн хамгааллын олон арга хэмжээг хэрэгжүүлэх гэж буйг дурдсан байна. Түүнчлэн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг богино хугацаанд даван туулж, хөдөлмөр эрхлэгчдийн цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг иргэд амьжиргаагаа хангахуйц түвшинд хүргэх боломжийг ойрын хугацаанд бүрдүүлэхийн төлөө нийгмийн түншүүдтэйгээ ажил хэрэгчээр хамтран ажиллахаа илэрхийлжээ.
Монголыг Үйлдвэрчний эвлэлийн энэ удаагийн их хуралд 36 гишүүн байгууллагын төлөөлөл 286 төлөөлөгч оролцож буй бөгөөд тэд өнгөрсөн дөрвөн жилийнхээ үйл ажиллагааг дүгнэж, үйлдвэрчний эвлэлийн гишүүд нийт хөдөлмөрчдийн хөдөлмөрлөх эрх ашгийг хамгаалах, нийгмийн асуудлыг амжилттай шийдвэрлэх ойрын болон хэтийн зорилтоо тодорхойлохын хамт МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгчийг сонгох юм. Сонгуулийг нийт төлөөлөгчдийн дунд нууц санал асуулга явуулж тодруулах аж.