Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн үйлчилгээг саадгүй авдаг болов

uploaded pictureuploaded pictureМанай улс шинэ төрлийн коронавирусийн талаар ард иргэддээ анх 2020 оны нэгдүгээр сарын 5-нд мэдээлсэн. Тэр өдрөөс хойш ЭМЯ-ныхан иргэдэд цар тахлын талаар мэдээлэл өгөхдөө дохионы хэлмэрч байнга ажиллуулсан нь шинэлэг бөгөөд хүний эрхийн мэдрэмжтэй алхам байсныг онцлох нь зүйтэй. Учир юу вэ гэвэл, коронавирус дэгдсэн цагаас НҮБ болон ДЭМБ-аас мэдээллийг хүн бүхэнд хүртээмжтэй хүргэхийг улс орнуудад зөвлөсөөр ирсэн юм. Манай улс ч үүний дагуу мэдээллийг аль болох хүртээмжтэй хүргэхэд анхаарч байгаа нь олзуурхууштай.

Мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжлийн өнөө үед хүн төрөлхтөн цахимд шилжиж, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран суралцаж, үйлчилгээ авсаар буй. Монгол Улсад одоогоор давхардсан тоогоор 2.4 сая хэрэглэгч ухаалаг утас, 2.2 сая хүн интернэт ашиглаж байна. Улс даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бараг бүх салбар цахим үйлчилгээ үзүүлдэг болсон. Тэдгээрийн нэг болох Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ)-ны харьяа Зайнаас зөвлөн туслах төвийг энэ удаа онцолж байна. Уг төвийг байгуулснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн үйлчилгээг хүртээмжтэй авах боломж бүрджээ. Уг төв нь ХНХЯ-ны байрны долдугаар давхарт байрладаг бөгөөд иргэдэд зөвхөн зайнаас үйлчилгээ үзүүлдэг.

Зайнаас зөвлөн туслах төвийн ахлах мэргэжилтэн Т.Баттулга “ХНХЯ болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр өнгөрсөн зургадугаар сарын 28-нд манай төвийг байгуулсан. Манайх долоо хоногийн турш 24 цагаар ажилладаг. Өөрөөр хэлбэл, ажлын цаг дуусна гэхгүйгээр байнга ажилладаг гэж ойлгож болно. Ингэхдээ 1800-0724 тусгай дугаарын утсанд иргэдээс ирүүлсэн дуудлага, зурвас, дуут мессеж зэргийг хүлээн авч, санал, гомдлыг нь шийдвэрлэдэг. Тодруулбал, салбарын яамтай холбоотой мэргэжлийн сургалтууд, төгсөгчдийг ажилд зуучлах, нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой бүхий л асуудал үүнд багтана” хэмээн мэдээлэл өглөө.

Энэхүү төвд ХНХЯ-ны харьяа Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар зэрэг олон байгууллагын мэргэшсэн операторууд ажилладаг юм байна. Ийм давуу талтай учраас иргэд дээр дурдсан тусгай дугаарын утаснаас нийгмийн даатгал, халамжийн бүх төрлийн үйлчилгээ авах боломж бүрджээ. Тус төвийнхөн тусгай дугаарын утасны дуудлагад хариу өгөхөөс гадна фэйсбүүк, твиттер, вайбер зэрэг сошиал хаягаараа дамжуулан сонсголын бэрхшээлтэй хүмүүст зөвлөгөө өгч, нийгмийн үйлчилгээ авахад нь тусалдаг гэнэ.

Манай улсад дохионы хэлмэрч тун цөөхөн байдаг. Үүнээс болоод сонсголын бэрхшээлтэй хүмүүс төрийн үйлчилгээг хүртээмжтэй авч чаддаггүй. Харин Зайнаас зөвлөн туслах төвийг байгуулснаар иргэд нийгмийн хамгааллын салбартай холбоотой хэрэгцээтэй мэдээллээ төвөггүй авч чаддаг болжээ. Ингэхдээ сонсголын бэрхшээлтэй иргэд duudlaga.mn вэб сайт болон ийм нэртэй аппликэйшн ашиглан тус төвд хандаж, дохионы хэлмэрчтэй дүрсээ харж шууд холбогдон, хэрэгцээтэй мэдээлэл, үйлчилгээгээ авдаг аж. Зайнаас зөвлөн туслах төвийг байгуулснаас хойш сонсголын бэрхшээлтэй 500 орчим хүнд төрийн үйлчилгээ, мэдээллийг хүргэснээ Т.Баттулга мэргэжилтэн хэлсэн.

Зайнаас зөвлөн туслах төвийн бас нэг давуу тал нь мэргэшсэн операторууд дээрх мэдээлэл, зөвлөгөөг өгөхөөс гадна давхар зуучлах үйлчилгээ үзүүлдэг. Тодруулбал, уг төвийн үйлчилгээ зөвхөн нийгмийн даатгал, халамжаар хязгаарлагддаггүй аж. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд банк санхүү, хууль, эрх зүйн зөвлөгөө, үйлчилгээ авахад хүндрэлтэй байдаг. Тэгвэл тус төвийнхөн эдгээр байгууллагатай холбогдоход нь дохионы хэлмэрчийнхээ тусламжтайгаар тэдэнд зуучилдаг байна. Жишээ нь, банкуудад дохионы хэлмэрч байдаггүй. Тиймээс Зайнаас зөвлөн туслах төвийнхөн сонсголын бэрхшээлтэй иргэдийн өмнөөс банкны ажилтантай холбогдож, шуурхай үйлчилгээ авахад нь тусалдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, иргэн, дохионы хэлмэрч, банкны ажилтан гурав нэгэн зэрэг холбогддог гэсэн үг. Мөн Зайнаас зөвлөн туслах төвд харааны бэрхшээлтэй хоёр мэргэжилтэн ажилладаг. Тэд брайл үсэг болон дэлгэц уншдаг программын тусламжтайгаар харааны бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ үзүүлдэг аж. ХНХЯ-ныхан цаашид харааны бэрхшээлтэй иргэдийг төрийн үйлчилгээ, мэдээллээс хоцроохгүй байх зорилгоор улсын болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүд ажил, үйлчилгээндээ брайл үсэгтэй компьютерын хэрэглээг нэмэгдүүлэх, дэлгэц уншдаг программ өргөн ашиглахыг уриалж, шат дараалсан арга хэмжээ авч буй юм билээ.

Ийнхүү иргэд төрийн үйлчилгээг төвөггүй авч чадаж байна. Үүнээс гадна Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийнхөн хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа, сувилгаа шаардлагатай хүүхдүүдэд зайнаас үйлчилгээ үзүүлдэг болсныг онцолъё. Тус төв 2020 оны аравдугаар сарын 1-нээс цахим эмнэлэг болох зорилт тавьж, үүнийхээ хүрээнд олон үйлчилгээ нэвтрүүлж, мэдээллийн хүртээмжийг сайжруулжээ. Тухайлбал, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх болон амбулаториор үйлчлүүлэх цагийг цахимаар олгож байна. Мөн лабораторийн бүх төрлийн шинжилгээний хариуг тухайн үйлчлүүлэгчийн имэйл хаягаар илгээдэг болсноор хүлээгдэл, чирэгдэл буурчээ.

Түүнчлэн тус төв цахим хуудсаа шинэчилж, харааны болон сонсголын бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй болгон хөгжүүлж байгаа гэнэ. Хэрэглэгч уг цахим хуудаснаас мэдээлэл авахдаа монгол, англи, казах хэлийг сонгох боломж бүрдүүлэхээр ажиллаж буй юм билээ. Цахим хуудасныхаа мэдээллийн хүртээмжийг ийнхүү цогц хэлбэрээр сайжруулсан нь Монголдоо анхдагч болсныг төвийн захирал Р.Галбадрах онцолсон. Тэрбээр “Манайх цар тахлын эхэн болон дунд үед буюу өнгөрсөн наймдугаар сарын 1 хүртэл коронавирусээр өвчилсөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг хэвтүүлэн эмчилсэн. Түүнээс хойш үндсэн үйл ажиллагаандаа орсон. Улсын хэмжээнд сүүлийн хоёр жил шахам хөл хориотой, орон нутгийнхан байтугай нийслэлийн алслагдсан дүүрэг, хороодын иргэд ч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад хүндрэлтэй байлаа шүү дээ. Тиймээс бид ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх үйлчилгээгээ тасалдуулахгүйн тулд цахим сувгуудаараа дамжуулан зөвлөгөө, мэдээлэл хүргэсээр ирсэн. Хөдөлмөр, хөдөлгөөн, хэл засалч нар маань өнгөрсөн наймдугаар сараас хойш гэхэд л 7000 гаруй хүнд цахимаар зөвлөгөө өгөөд байна. Ингэхдээ иргэдэд дүрсээр мэдээлэл өгдөг, бүх зөвлөгөө дохионы хэлний орчуулгатай байдгаараа давуу талтай. Мөн бид орон нутгийн эрүүл мэндийн байгууллагатай телемедициний сүлжээгээр холбогдож, алсын зайн оношилгооны аргыг нэвтрүүлсэн. Одоогоор нийслэлээс хамгийн алс орших Баян-Өлгий аймгаас хөгжлийн бэрхшээлтэй 16 хүүхэд холбогдож, оношилгоо хийлгэн, эмчилгээний заавраа бичүүлсэн. Цаашид уг сүлжээнд холбогдох хүсэлтэй аймаг, сумуудын эмнэлэгтэй бид хамтран ажиллана” хэмээлээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийнхөн 7018-8919, 1800-0724 дугаарын утсаар иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгдөг юм билээ. Улсын бусад эмнэлэг ч цар тахлын үед иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг тэгш хүргэхийн тулд цахим үйлчилгээгээ боловсронгуй болгож, зарим тохиолдолд дохионы хэлмэрч ажиллуулах хэлбэрээр хүний эрхийн мэдрэмжтэй ажиллах боломж олон байгааг энэхүү жишээ харуулах биз ээ. 

Эх сурвалж: Өнөөдөр сонин

О.Бат-Ундрах

Дээш