С.Чинзориг: Японы ЖАЙКА байгууллагатай өргөн хүрээнд хамтарч ажиллана
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Японы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг “Жайка” байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүмиг хүлээж авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ноён Сато Мүцүми Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран хэрэгжүүлж буй “Жайка”-гийн төсөл хөтөлбөрүүдийн талаар товч танилцуулсан бөгөөд өнгөрсөн оны тавдугаар сараас “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх”, “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн оролцоог дэмжих” техникийн хамтын ажиллагааны хоёр шинэ төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Мөн “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн тусламж үйлчилгээг сайжруулах”, “Монголын асран халамжлах салбарын хүний нөөцийг хөгжүүлэх”, “Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх” зэрэг төслийг ХНХЯ-тай хамтран хэрэгжүүлж байгаа юм. Эдгээр төслийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай хэрэгцээт боловсролын төв барих зэргээр нийгмийн эмзэг хэсэг рүү хандсан үйл ажиллагааг түлхүү явуулж буйгаа Сато Мүцүми дурдаад энэ чиглэлийн төслийг үр дүнтэй үргэлжлүүлэхийн тулд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдтай хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа уламжиллаа.
Монгол Улсын хамгийн том хандивлагч, донор орны хувьд Япон улсын манайд үзүүлсэн тусламж дэмжлэг тэр дундаа “Жайка” байгууллагын хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүд хүн амын хөгжлийг хангах, нийгмийн хамгааллыг сайжруулахад үнэлж баршгүй их хувь нэмэр оруулсныг С.Чинзориг сайд онцлоод цаашид ч хамтын ажиллагаа амжилттай үргэлжлүүлэх байр суурьтай байгаагаа хэллээ.
Тэрбээр “Шинэ Засгийн газар байгуулагдаад удаагүй байна. Өмнөх Засгийн газар хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлд тодорхой шийдэл гаргаж ажилласан ч байдал амаргүй хэвээр байна. Эдийн засаг хүнд байгаа ч орлого багатай хэсгийг хамгаалах нийгмийн хамгааллын бодлого хэрэгжүүлээгүйгээс ажилгүйдэл дорвитой буурахгүй, ядуурлын түвшин өндөр гарч хүн амын 1/3 нь ядуу зүдүү амьдарч байна гэсэн Дэлхийн банкны судалгаа гарсан. Хүчирхийлэл буурахгүй, хүүхэд гэмт хэргийн золиос болсон тохиолдол гарсаар байгаад ч онцгой анхаарал хандуулах ёстой. Нийгмийн даатгалын сангийн алдагдал дорвитой буурахгүй байна. Эдгээр хүндрэлтэй асуудлыг шийдэхийн тулд Нийгмийн даатгалын багц хуульд өөрчлөлт оруулах, боловсронгуй болгохоос эхлээд хийх ажил их байгаа бөгөөд энэ бүгдэд “Жайка” байгууллагатай техникийн болоод арга зүйн талаас хамтарч ажиллах хүсэлтэй байгаа” гээд Япон улстай хамтарч ажиллахад гол гүүр болдгийн хувьд хэд хэдэн асуудалд анхаарлаа хандуулахыг ноён Сато Мүцүмигээс хүссэн юм.
Ирэх онд Монгол Улс Японы ЭМНХХЯ-тай ажиллах хүч солилцох чиглэлээр санамж бичигт гарын үсэг зурахаар ажиллаж буй бөгөөд энэхүү баримт бичиг баталгаажсанаар Японд дадлагажигчаар ажиллаж байгаа залуусын ур чадварыг үнэлэх, МСҮТ-д сурч тодорхой ур чадвар эзэмшсэн залуусыг Японд ажиллуулж өндөр технологи эзэмшүүлэх, Монголд дутагдаж буй мэргэжилтнийг Японд сургаж дадлагажуулан бэлтгэх боломж бүрдэх сайн талтай. Тиймээс “Жайка” байгууллагын зүгээс 2020 оны Токиогийн олимпийн бэлтгэл бүтээн байгуулалтын ажилд оролцох хүсэлтэй монгол залуусыг дэмжиж ажиллахыг С.Чинзориг сайд хүслээ. Тэрбээр мөн Япон улс Монголоос дадлагажигч авдаг тогтолцоог өөрчилж хөнгөвчлөх боломжтой гэж үздэгээ ч хуваалцсан юм. Түүнээс гадна Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох багийг бэлтгэхэд япончуудаас сурах зүйл их байгаа гээд өндөр мэргэжлийн багш нараар сургалт явуулах, хамтарсан бэлтгэл хийх боломжийг бүрдүүлэхэд анхаарал тавихыг захилаа.
Өнгөрсөн наймдугаар сард С.Чинзориг сайд Ахмад настны нийгмийн хамгааллын асуудлаар Зүүн Ази, Номхон далайн орнуудын парламентчид Токио хотноо чуулахад Монгол Улсыг төлөөлөн оролцсон бөгөөд Японд ахмад настныг асарч сувилах 40 мянган ажлын байранд гаднаас ажиллах хүч авах шаардлагатай байгаа тухай хурлын үеэр ярьж байсныг сонирхуулаад асаргаа сувилгааны чиглэлээр монголчуудыг ажиллуулах боломж ч байж болох юм гэлээ.
Уулзалтын үеэр хөндсөн нэг асуудал нь ахмад настан, хүүхдийн асрамж халамжийн төвүүдтэй холбоотой байлаа. Японд арван жилийн өмнө очиход хөгшчүүдийг нэг дор төвлөрүүлэн асарч халамжилдаг байсан бол өнгөрсөн зун очиж үзсэн асрамжийн газрууд гэр бүлийн орчныг бүрдүүлэхийг илүүд үздэг болсныг нь илтгэж байсан тухай С.Чинзориг сайд яриад цаашид гэр бүл төвтэй нийгмийн хамгааллын бодлого явуулж дэлхий нийтийн чиг хандлагыг Монголд нэвтрүүлэх нь зөв гэдэг байр суурьтай байгаагаа дуулгасан.
“Жайка” байгууллагын хувьд ажиллах хүч солилцох, монгол залуусыг Японд ур чадвар эзэмшүүлэх асуудлыг холбогдох албаныханд сайтар ойлгуулахын хамт Гэр бүл төвтэй нийгмийн хамгааллын бодлого хэрэгжүүлнэ гэсэн сайдын байр суурийг бүрэн дэмжиж, цаашид энэ чиглэлээр хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.