Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний бодлого, үйл ажиллагааны талаар зөвлөлдлөө
“Хөдөлмөр, эрхлэлтийн үйлчилгээний бодлого, үйл ажиллагаа, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөх үйлчилгээ” сэдэвт үндэсний зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр зохион буй уг зөвлөгөөнд Швейцарийн Хөгжлийн агентлаг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт, Гэр, бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төв, их, дээд, сургууль, политехник коллеж, МСҮТ, аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс, Хөдөлмөрийн бирж болон сургалтын байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Зөвлөгөөнд оролцочид хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний бүртгэл мэдээлэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах, ажилд зуучлах үйлчилгээг хөгжүүлэх талаар холбогдох хууль, тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах, үйлчилгээг боловсронгуй болгох талаар нэгдсэн хуралдаан, нээлттэй форум хэлэлцүүлэг, салбар хуралдааны хэлбэрээр хэлэлцсэн юм.
Нэгдсэн хуралдаанд ХНХЯ-ны ХЭБХЗГ-ын дарга Ц.Амартөгс “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний үр дүнг дээшлүүлэх нь”, ХБНГУ-ын Холбооны хөдөлмөрийн агентлагийн Хөдөлмөрийн дээд сургуулийн проректор М.Шарпф, профессор Й. Эртельт нар “Зөвлөхийн ур чадвар болон зөвлөх бэлтгэх нь”, “Мэдээллийн менежмент болон зөвлөхийн ёс зүй”, Швецарийн хөгжлийн агентлагийн Олон улсын зөвлөх Иван Такач “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн үйлчилгээ” илтгэлүүдийг тавьж хэлэлцүүллээ.
Үндэсний зөвлөгөөнөөс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээг хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний үйл ажиллагааг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний гүйцэтгэлийн хяналт, үнэлгээ, санхүүжилтийг оновчтой шийдвэрлэх талаар гарсан санал, санаачлагыг нэгтгэн цаашдын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхээр боллоо.