Залуучуудын хөгжлийг дэмжих төслийг амжилттай хэрэгжүүлж буйд талархал илэрхийлэв

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнөөдөр НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахараг хүлээн авч уулзлаа. 

Наоми Китахара НҮБ-ын Хүн амын санд 1996 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсад 2013 оноос Суурин төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байгаа нэгэн юм. Тэрбээр уулзалтын эхэнд НҮБ-ын Хүн амын сан Монгол Улсын хүн амын хөгжлийг дэмжихэд чиглэсэн олон төсөл хөтөлбөрийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран амжилттай хэрэгжүүлж буйд талархаад цаашид хамтын ажиллагаа илүү өргөн хүрээнд үр ашигтайгаар үргэлжилнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. 

Хатагтай Наоми Китахара С.Чинзориг сайдад Хүн амын сангаас сүүлийн жилүүдэд залуучуудын хөгжлийг дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулах гэсэн хоёр чиглэлд идэвхтэй хамтран ажиллаж буйг дуулгаад хэрэгжүүлсэн зарим төслүүдийн талаар танилцуулсан юм. Тухайлбал, Залуучуудын хөгжлийг дэмжих төслийн хүрээнд нийслэл болон орон нутагт Залуучуудын хөгжлийн 16 төвийг байгуулж, өсвөр үе залуучуудад зориулсан эмнэлгүүдийг ажиллуулж, ерөнхий боловсролын болон мэргэжлийн боловсролын сургуулиудад Амьдрах ухаан төвийг нээсэн нь амжилттай ажиллаж, үр дүнгээ өгч байгаа аж. Залуучуудын хөгжлийг дэмжих төслийг Швейцарийн Хөгжлийн агентлаг цаашид санхүүжүүлэх боломжгүй гэсэн ч Хүн амын сангаас уг төслийг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа тул “Оюутолгой” компанитай яриа хэлцэл хийж эхний ээлжинд Өмнөговь аймаг, Ханбогд суманд үйл ажиллагааг нэлээд эрчимтэй явуулж буй бөгөөд ганц аймгаар хязгаарлахгүй улс даяар үр дүнтэй хэрэгжүүлэхээр зорьж буй тухайгаа ч Суурин төлөөлөгч яриандаа дурдсан. 

С.Чинзориг сайд Монголын хүн амын бодлого, нийгмийн хамгааллыг сайжруулах тэр дундаа сүүлийн жилүүдэд Залуучуудын хөгжлийг дэмжих болон Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төслүүдийг амжилттай хэрэгжүүлж буй НҮБ-ын Хүн амын сан, хатагтай Наоми Китахарад онцгойлон талархал илэрхийлээд  хамтын ажиллагааг цаашид үр дүнтэйгээр үргэлжлүүлэх хэд хэдэн тодорхой санал тавилаа.  

Сайдын хэлснээр Залуучуудын хөгжлийг дэмжих хуулийг хэрэгжүүлэх үүднээс Өсвөр үе, залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөрийг боловсруулах, сайн дурын ажлыг бүртгэж баталгаажуулах программ хангамж, мэдээллийн сан бүрдүүлэхэд тодорхой тусламж дэмжлэг шаардлагатай байгаа. Түүнчлэн “Залуучуудын хөгжил” төсөл дуусч байгаатай холбоотойгоор уг төслийн хүрээнд байгуулагдсан 16 төв ирэх оноос төрийн байгууллагын статустайгаар ажиллах тул үйл ажиллагааг нь тогтворжуулах шилжилтийн үеийн техник арга зүйн дэмжлэг нэн чухал байгаа юм. Мөн нийгмийн хамгааллын бодлогод зарчмын томоохон өөрчлөлт хийх ёстой хэмээн үзэж гэр бүл төвтэй нийгмийн хамгааллын бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байгаа тул энэ чиглэлд олон улсын сайн туршлага, олон улсын байгууллагын техникийн болон санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байгааг анхаарч цаашдын хамтын ажиллагааныхаа төлөвлөгөөнд тусгахыг хүслээ. 

С.Чинзориг сайд мөн ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газарт харьяалагдаж буй Жендерийн үндэсний хорооны ажлын албыг Сайдын дэргэдэх болгон статусыг нь өөрчилж, бие даасан байдлаар ажиллах боломжийг бүрдүүлэх нь зөв хэмээн үзэж буйгаа ч дуулгалаа.  Түүнчлэн энэ онд багтаад Залуучуудын үндэсний чуулганыг амжилттай зохион байгуулахаар бэлтгэл ажлыг нь хангаж байгаа, мөн Ерөнхийлөгчийн ивээл дор болох Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний хэмжээний чуулганы зохион байгуулалтад ХНХЯ-ныхан оролцож буй тул Жендерийн асуудлаарх зөвлөлгөөнийг ирэх оны эхэнд хийх хүсэлтэй байгаагаа уламжиллаа.

 

Дээш