“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд "ОРОЛЦОО" төслийн залуус нэгдлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх "Оролцоо" төслийн 5 дугаар ээлжийн залуус нэгдэж мод тарилаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод тарьж ургуулахын төлөө үндэстнээрээ нэгдье” гэсэн уриалга гарган аж ахуйн нэгж байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд олон нийтийг байгаль орчноо хамгаалах, цөлжилт, газрын доройтлын эсрэг үндэстнээрээ эв нэгдэлтэй, нэг зүгт харж зүтгэх цаг болсныг онцлон дурдсан билээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх "Оролцоо" төслийн залуус “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж байгааг албан ёсоор мэдэгдлээ.
Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн Хуурай замын цэргийн сургалтын төв дахь "Оролцоо" төслийн 5 дугаар ээлжид нийт 255 оролцогч хамрагдаж байна.
Үүнээс гадна орон нутагтаа ажлын байрны дадлага хийх, цаашлаад байнгын ажлын байраар хангагдах боломжийг цаг алдалгүй бүрдүүлэхийг зорьж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор ажлын өдөрлөг зохион байгуулах үеэр Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Дорноговь аймгийн зарим ажил олгогч аймгийнхаа оролцогчидтой онлайнаар холбогдон ажлын байрны танилцуулга хийлээ. Өдөрлөгт нийслэлээс 19 ажил олгогч 550 нээлттэй ажлын байр, 17 аймгийн 143 ажил олгогч 1016 ажлын байр санал болгож оролцов.