Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг төр, төрийн бус байгууллагын төлөөллүүдэд танилцууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцыг Монгол Улс 2009 онд соёрхон баталж, тус конвенцын суурь зарчимд нийцүүлж “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийг Улсын Их Хурлаар батлуулсан.
Тус хууль хэрэгжиж эхэлснээс 4 жилийн дараа хэрэгжилтийн үр нөлөөг үнэлэхэд хуулийн зохицуулалт зорилгодоо хүрч чадаагүй, талууд нэгдмэл ойлголтод хүрээгүй, хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангаагүйгээс төсөв хөрөнгө дутагдалтай, хүний нөөц, чадавх сул, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоо хангалтгүй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Түүнчлэн хуулийн зохицуулалтын давхардал 24.4 хувь, зөрчил 35.5 хувь, хийдэл 13.3 хувь байгаа тул хууль хоорондын нийцлийг хангах, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна.
Хууль тогтоомжийн хуулийн дагуу хуулийн хэрэгжилтийн үр дагаврын тайлан, үр нөлөөний тандан судалгаа, хуулийг хэрэгжүүлэх зардлын тооцоо зэрэг холбогдох баримт бичгийг боловсруулсан бөгөөд хуулийн төслийн үзэл баримтлалыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд хамтарсан тушаалаар батлаад байна.
Хуулийн төслийг Конрад Аденауэрын сангийн дэмжлэгтэйгээр 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагын 40 орчим төлөөлөл, 09 дүгээр сарын 29-ний өдөр бүх яам, харьяа агентлаг зэрэг төрийн 20 орчим байгууллагын 60 гаруй төлөөлөлд танилцуулж, хэлэлцүүллээ.
Хуулийн төслийг https://www.mlsp.gov.mn/ сайтад нээлттэй байршуулж, санал авч Засгийн газарт өргөн барихаар ажиллаж байна.