“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль сурталчлах, үүрэг хүлээгчдийг чадавхижуулах” сургалт эхэллээ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль сурталчлах, үүрэг хүлээгчдийг чадавхижуулах” сургалтыг үндэсний хэмжээнд бүсчилсэн хэлбэрээр хийхээр төлөвлөсөн бөгөөд нийслэлийн бүсийн сургалт өнөөдөр эхэллээ. Сургалтыг нээж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С. Мөнгөнчимэг үг хэллээ.
Хоёр өдөр үргэлжлэх уг сургалтад аймаг, дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийн гишүүд, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн ба төрийн бус байгууллагын төлөөлөл зэрэг 270 гаруй хүнийг хамруулж Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн агуулга, үзэл санааг танилцуулах, үүрэг хүлээгчдийн мэдлэгийг дээшлүүлэн чадавхийг бэхжүүлэх, улмаар хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах талаар нэгдсэн ойлголт, мэдлэг эзэмшүүлэх зорилготой юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль 2016 оны хоёрдугаар сарын 5-нд батлагдсан бөгөөд хуулийн хэрэгжилтийг сайжруулахын тулд хуулийн тухай мэдээллийг төрийн ба төрийн бус байгууллага, олон нийт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох, хуулийг сурталчлах зайлшгүй шаардлагатай байдаг.
Хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст нэн тэргүүнд тулгамдаж байгаа хөдөлмөр эрхлэлт, боловсрол эзэмших боломжийг бүрдүүлэхийн хамт нийтийн тээвэр, зам, орон сууц, олон нийтийн барилга байгууламж нь хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжгүй, тэдний хэрэгцээ, шаардлагыг хангахгүй байгаа асуудлыг зохицуулах зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй хүний ажиллаж, амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах арга хэмжээг авахаар заасан.
Энэ удаагийн сургалтыг Японы хамтын ажиллагааны тусламжийн байгууллагаас хэрэгжүүлж буй “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйчилгээг сайжруулах төсөл”, ЮНЕСКО-той хамтран зохион байгуулж байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүдэд хариуцсан аймаг, дүүргийнхээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хөгжлийн дэмжлэг үзүүлэх тогтолцооны талаар шаардлагатай мэдээллээр хангаж, нэгдсэн ойлголтыг эзэмшүүлэх боломж олгож байгаа юм.
Тус сургалт нь хоёр өдрийн турш Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны байранд үргэлжилнэ.