НИЙГМИЙН АЖИЛТНУУД ТАБЛЕТ, ХУРУУНЫ ХЭЭ УНШИГЧТАЙ БОЛСНООР ЦАГ ХУГАЦАА, ЗАРДАЛ ХЭМНЭЖ БАЙНА
uploaded pictureХөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар 8-р сарын 21-нд Сонгинохайрхан дүүрэгт ажиллав. Тэд дүүргийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар, Засаг дарга Н.Алтаншагай болон бусад холбогдох мэргэжилтнүүдийн хамтаар Японы засгийн газрын санхүүжилтээр НҮБХХ-ийн хэрэгжүүлсэн төслийн үр дүнгийн талаар санал солилцлоо.
Энэ үеэр төслийн үр дүнг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төслийн ажилтан Г.Отгонжаргал болон Нийгмийн ажилтны системийн талаар “Интерактив ХХК” мэргэжилтнүүд удирдлагуудад танилцуулав.
Тус төслийг “Covid-19” халдварын үед зорилтот бүлгийн иргэдэд нийгмийн хамгааллыг шуурхай үзүүлэх, гэр бүл, хүүхдийн хүчирхийллийг бууруулах зорилгоор хэрэгжүүлсэн юм.
Төсөл хэрэгжсэнээр Улс орон даяар Нийгмийн ажилтнуудыг таблет болон хурууны хээ уншигчаар бүрэн хангасан. Нийгмийн ажилтнууд анхан шатны нэгжид баг, хорооны иргэдтэй шууд харилцаж ажилладаг. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт Халамжийн нийгмийн ажилтан, Хамтарсан багийн нийгмийн ажилтан бий. Нийгмийн ажилтнуудын бүх үйл ажиллагаа цаасан хэлбэртэй байсан нь ажлын ачааллыг нэмэгдүүлж, ажлын бүтээмжид муугаар нөлөөлж байсан.
Тэгвэл Нийгмийн ажилтны системийг хөгжүүлж, үйл ажиллагааг цахимжуулснаар цаг хугацаа, зардал хэмнэх, иргэдтэй илүү ойр ажиллах боломж бүрдлээ.
Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нийгмийн ажилтны системд хувь хүний мэдээллийг тухайн ажилтан ажил хэргийн бус зорилгоор ашиглаж буй эсэхийг хянах үйлдлийг илүү боловсронгуй болгох хэрэгтэйг онцоллоо. Мөн холбогдох сайд нар болон дүүргийн удирдлагууд цаашид гэр бүлийн болон хүүхдийн хүчирхийллийг хэрхэн таслан зогсоож, тохиолдлыг бууруулах талаар хэрэгжүүлэх санал санаачилга төлөвлөсөн зорилтот ажлуудын талаар хэлэлцлээ.
Дээш