Барилгын политехник коллежийн чадамжийн төв өнөөдөр хаалгаа нээлээ

uploaded pictureuploaded pictureuploaded picture

Барилгын политехник коллежийн чадамжийн төвийн нээлт өнөөдөр боллоо. Нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, Монголын Барилгачдын Нэгдсэн Холбооны Ерөнхийлөгч М.Батбаатар оролцов.

Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр ХНХЯ-наас хэрэгжүүлсэн “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл”-ийн хүрээнд Барилгын Политехник Коллежид 1733 м2 талбай бүхий 2 давхар Чадамжийн төвийг “Тед констракшн” ХХК гүйцэтгэн барьж энэ онд ашиглалтад оруулсан. Чадамжийн төв нь барилгын салбарын 7 мэргэжлийн 10 дадлагын газар, 1 лаборатори, нийт 12 том, 16 жижиг өрөөтэй.

Нээлтийн үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хэлсэн үгэндээ “Халамжаас Хөдөлмөрт” шилжих гол хөшүүрэг нь мэргэжилтэй ажилтныг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн шаардлагад нийцүүлэн бэлтгэж, улмаар ажлын байртай болгох явдал юм гэдгийг онцоллоо.

Чадамжийн төв нь хэв хашмалын дадлагын газар, Арматурын дадлагын газар, Эрчим хүчний хэмнэлттэй барилгын бүтээц угсрах дадлагын газар, Өнгөлгөө, чимэглэлийн дадлагын газар, Шавардлагын дадлагын газар, Токарийн дадлагын газар, Хуурай хийцийн дадлагын газар, Гагнуурын дадлагын газар, Мужааны дадлагын газар, Сэргээгдэх эрчим хүчний лабораторитой.

Чадамжийн төв ашиглалтад орсноор Монгол Улсын эдийн засаг, хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийн нэг болох барилгын салбарын мэргэшлийн өндөр ур чадвар бүхий мэргэжилтэй ажилтныг бэлтгэж, орчин үеийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийг сургалтад нэвтрүүлэхээс гадна уг мэргэжлийн багш нарыг бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах, аж ахуйн нэгж, байгууллагын захиалгат сургалт, ур чадварын тэмцээн, ажил мэргэжлийн уралдаан зэргийг зохион байгуулах, иргэний амьдрал практикаас олж авсан өмнөх мэдлэг, ур чадварыг үнэлэх, баталгаажуулах, гэрчилгээжүүлэх зэрэг боломж бүрдэх юм.

Дээш