НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АСУУДЛААР ХОЁР УЛСЫН ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГУУД ЦАХИМААР УУЛЗЛАА
“Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хэлэлцээр”-ийг Монгол Улсын Их Хурлаас 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр, БНТУ 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр соёрхон баталж, энэхүү нийгмийн хамгааллын хэлэлцээр албан ёсоор 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжих эрх зүйн орчин бүрдсэн. Үүнтэй уялдуулан “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилгоор хоёр улсын эрх бүхий байгууллагын уулзалт 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдлаа.
Уулзалтад Монгол Улсын талаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг, Монгол Улсаас БНТУ-д суугаа ЭСЯ-ны 1 дүгээр нарийн бичгийн дарга М.Наран нар болон холбогдох албаныхан, БНТУ-ын талаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд Ахмет Эрдэм, Нийгмийн хамгааллын институтын Тэтгэврийн үйлчилгээ хариуцсан ерөнхий захирал Исмэйл Эртузун, ХНХЯ-ны Хэлэлцээрийн газрын дарга Селим Даглиоглу болон холбогдох албаныхан, оролцов.
Тус хэлэлцээрээр хоёр улсын иргэдийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцох, өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, оршуулгын тэтгэмж тогтоож олгох зэрэг харилцааг зохицуулсан болно.
Энэхүү цахим уулзалтаар хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд ашиглах маягтуудын төслийг хэлэлцсэн ба уг маягтууд эцэслэн батлагдсанаар Монгол Улс болон БНТУ-д ажиллаж, амьдарч байгаа хоёр улсын иргэд хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон авах нөхцөл бүрдэж, нийгмийн баталгаа нь хангагдах юм.