УИХ-ЫН ЧУУЛГАНААР ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА
2009 оноос хойш 3 Парламент, 5 Засгийн газар дамжсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын өнөөдрийн чуулганаар баталлаа. Хуулийг 2022 оны 01 сарын 01-нээс дагаж мөрдөх юм.
Хуулийн гол зорилт хөдөлмөрийн зах зээлд хөрвөх чадвартай боловсон хүчин бэлтгэх, ажилтан, ажил олгогч, нийгмийн түншлэлүүдийн зохистой харилцааг бий болгох, манай улсын хөдөлмөрийн зах зээлийг олон улсын хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлагатай уялдуулж тал талын зохистой харилцааг бүрдүүлсэн цогц хууль юм.
Хөдөлмөрийн зах зээлд шинээр бий болж буй чиг хандлагуудыг тусгаж МҮХАҮТ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гурван талын санал, байр суурийг тэгш тусгах, зохистой харьцааг бий болгох хамтын ажиллагаа нь хууль эцэслэн батлагдахад чухал нөлөө үзүүлэв.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Хууль батлагдсанаар Монгол Улсад хөдөлмөрийн харилцаа шинэ шатанд гарна
Хуулийн Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ажилласан бөгөөд тэрбээр “Хууль батлагдлаа. Одоо зургаан сарын хугацаанд Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтарч хуулийг таниулах, сурталчлах ажлыг зохион байгуулна. Эдгээр том байгууллагууд Засгийн газартайгаа хамтарч зүйл заалт бүрээр нь зөвшилцөж баталж байгаа хууль. Энэ хууль батлагдсанаар Монгол Улсад хөдөлмөрийн харилцаа шинэ шатанд гарна.
УИХ-ын гишүүн С.Чинзориг: Хуулийн нэг онцлог нь хөдөлмөрийн харилцааны доод хэм хэмжээг тогтоож өгсөн байгаа
Хөдөлмөрийн тухай хууль 22 жилийн дараа шинэчилсэн найруулгаар батлагдаж байна. Энэ хуулийн онцлог нь олон талын яриа хэлэлцээ, зөвшилцөл явуулсны үр дүнд батлагддаг нийгмийн суурь харилааг зохицуулсан хууль. Тиймээс талууд урт хугацаанд хэлэлцэж, зөвшилцсөний үр дүнд батлагдаж байна. Хоёрдугаарт, энэ хууль ажилтны эрх ашгийг хамгаалахын зэрэгцээ ажил олгогчийн эрх ашгийг ч хамгаалдаг. Ийм хууль болж чадсан гэж харж байна. Хуулийн нэг онцлог нь хөдөлмөрийн харилцааны доод хэм хэмжээг тогтоож өгсөн байгаа. Доод хэм хэмжээнээс дээгүүр тогтоох ажлыг ажилтан, ажил олгогч харилцан ярилцаж, зөвшилцөх зарчмыг хуулиар тодорхойлж өгсөн.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Хөдөлмөрийн тухай хуульд анх удаа хүүхэд хамгааллын чиглэлээр зүйл заалт орсонд баяртай байна
Хөдөлмөрийн тухай хуульд анх удаа орж байгаа нэг чухал заалт бол Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд хүүхэд хамгааллын бодлоготой байна гэсэн зүйл заалт орсон. Ингэснээр байгууллага, ажил олгогчид ажилтныхаа ар гэрийг бодохоос эхлээд аав ээжүүд хариуцлагатай байх, ажлын бүтээмж дээшлэх давуу талтай. Мөн 0-3 настай ээжүүдийг илүү цагаар ажиллуулах, томилолтоор хөдөө, гадаа явуулахыг хориглосон, дөнгөж мэндэлсэн хүүхдүүдийн аавуудад 10 хоногийн цалинтай чөлөө өгөх зэрэг зүйл заалт орсон.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: ХБИ-ийн холбоод, нэгдсэн форумаас 21 санал ирүүлсний 95 хувь нь хуульд туссан
ХБИ-ийн хөдөлмөр эрхлэх чиглэлд анхаарч ажилласан. ХБИ-ийн холбоод, нэгдсэн форумаас 21 санал ирүүлсний 95 хувь нь хуульд туссан. Тухайлбал, байнгын асаргаатай хүүхдээ асарч байгаа эцэг эх нь тодорхой хэмжээний хөнгөлөлт эдлэх боломжийг олгосон. Хуулиа мэддэггүйгээс бид хохирдог, алддаг учраас Хууль сурталчлах ажилд идэвхийлэн оролцож хуультайгаа сайн танилцаарай гэж уриалмаар байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: Хуулийг сурталчлах ажлыг идэвхтэй зохион байгуулна
3 Парламент, 5 Засгийн газар дамжиж удаан хугацаанд хэлэлцэж сайн боловсруулсан хууль маань өнөөдөр батлагдлаа. Энэ хугацаанд нийгмийн түншүүд тулгамдаж буй асуудлаар маш идэвхтэй оролцсон. Нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн тулд олон хэлэлцүүлэг өрнүүлсэн. Тухайлбал, уурхайчдаас ирсэн сана хүсэлт 14 хоног ажиллаж 14 хоног амарна гэдэг заалт орсон. Түүнээс бага хугацаагаар ажиллах бол түүнтэй ижил хоногоор амраана гэж зохицуулсан. Мөн ээлжийн амралтыг хэвээр үлдээсэн. Хууль батлагдлаа 2022 оны 1-р сараас хэрэгжиж эхэлнэ. Зургаахан сар үлдсэн байна. Энэ хугацаанд бид хуулийг сурталчлах ажлыг идэвхтэй зохион байгуулна. Дараа дараагийн хуулиуд хүлээгдэж байна.
МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа: Хуулийг хэрэгжүүлэх нь нийгмийн түншүүдийн хамтын ажиллагаанаас хамаарна
Өнөөдөр компаниудын нийгмийн хариуцлага асар их өсөж байна. Нөгөө талаар хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөрийн харилцаанд шинэ нөхцөл байдал, онцлог бий болж байна. Энэ цаг үед өнөөдрийн мөрдөгдөж буй хөдөлмөрийн хуулийн үзэл санааг дордуулахгүйгээр баталсан. Сайн хууль гарах нэг хэрэг, хуулийг хэрэгжүүлэх нь нийгмийн түншүүдийн хамтын ажиллагаанаас хамаарна.
МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар: Монголын нийт ажил олгогчид, ажилтан, хөдөлмөр эрхэлж байгаа гээд бүх хүн
хуулиа судалж, танилцаарай
Хөдөлмөрийн хуулийн шинэчлэл ажилтан, ажил олгогчоос гадна хөдөлмөрийн харилцаанд орж байгаа бүх хүн хуулийн хүрээнд ажил хийж, өөрийн эрх ашгийг хамгаалж хөдөлмөрийн нөхцөлөө тохиролцох боломжтой болсон. Хуулийг төрийн мэдээлэлд гарсан өдрөөс эхлэн монголын нийт ажил олгогчид, ажилтан, хөдөлмөр эрхэлж байгаа гээд бүх хүн хуулиа судалж, танилцаасай гэж хүсэж байна. Хуулиа хэрэгжүүлэхэд бүгд хамтран ажиллах нь чухал.