Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенсийг хүлээн авч уулзав
НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс Монгол Улсад ажиллах хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хүлээн авч уулзаж талархал илэрхийллээ.
Уулзалтын үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Үндэсний статистикийн хорооны даргаар ажиллаж байхад 2017 оны 7 дугаар сард Алекс Хайкенс анх Монгол Улсад ажиллахаар томилогдон ирж, Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа хамтран зохион байгуулж байсныг дурдлаа. Мөн хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийг хангах, нийгмийн хамгааллаар дамжуулж цочролд хариу үзүүлэх арга хэмжээг сайжруулах зэрэг чиглэлээр үр дүнтэй хамтран ажилласныг онцлов.
2023-2027 оны хооронд Монгол Улсын Засгийн газар болон Нэгдсэн Үндэстний Байгууллага хамтран хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ”-г хэлэлцэн, баталж, цаашид хамтын ажиллагаа улам илүү өргөжнө гэдэгт итгэж байгаагаа Алекс Хайкенс илэрхийллээ.
Ноён Алекс Хайкенсийн хүүхдийн хөгжил, эрх, хамгаалал болон хууль эрх зүйн орчныг сайжруулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтан цол тэмдэг олгож, цаашдын ажилд нь амжилт хүслээ.
Алекс Хайкенс нь 2017 оны 7 сараас 2021 оны 7 сар хүртэлх хугацаанд НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа манай улсад тэр дундаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хийж гүйцэтгэсэн зарим ажлыг дурдвал:
• Ковид-19 цар тахлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж дэмжлэг үзүүлэх ажлыг НҮБ-ын Хүүхдийн сан манлайлан ажиллаж байна. Монгол улсад амьдарч буй хүүхдүүд төдийгүй хилийн чанадад байгаа хүүхдийн эрхийг хамгаалахад Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж, БНЭУ-аас 198 лам хүүхдийг авчирч, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангасан.
• Австралийн ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран хүүхдэд зориулсан сургалт, хөгжлийн 60ш багцыг нийслэлд үйл ажиллагаа явуулж буй түр хамгаалах байр, асрамж халамжийн төв, нэг цэгийн үйлчилгээний төвүүд нийт 35 төвд гардуулан өгсөн.
• Хүүхэд хамгаалын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийсэн.
• Бизнесийн байгууллага дахь хүүхдийн эрхийн төлөв байдал судалгааг хийхэд техник арга зүйн дэмжлэг үзүүлсэн.
• Нийгмийн хамгааллын хүний нөөцийг чадавхжуулах хүрээнд нийгмийн ажлын эрх зүйн орчныг бий болгоход хамтран ажиллаж байна.
• WE PROTECT цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах, бэлгийн мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд техник арга зүйн дэмжлэг үзүүлж, ажиллаж байна.
• Хүүхэд хамгааллын INSPIRE багцыг хэрэгжүүлэхэд арга зүйн тусламж үзүүлж, ажиллаж байна.
• Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн программын шинэчлэл хийхэд техник арга зүйн дэмжлэг үзүүлсэн.
• Хүүхдийн эрх зүйн байцаагчдыг тоног төхөөрөмжөөр хангасан.
• Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Монгол улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэхэд хамтран ажилласанд талархал илэрхийлье.